Сар шинийн баярын ширээн дээр ямар ямар идээ байх ёстой вэ?

Хотол олоноороороо сар шинэдээ сайхан шинэлэж байна уу? Түмэн олон минь

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай,
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дэлхийн олон үндэстэн ястан өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, иргэншил, ёс заншилтай байдаг. Бид ч гэсэн өөр нэгэн соёл, ёс заншилтай ард түмэн. Энх тэнгэртээ залбирч, этүгэн газраа хайрлан амьдардаг эх үндэстэн монголчууд бид байгаль, дэлхийн ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог өөрийн гэсэн уламжлалт ёс заншилтай билээ.
Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм.
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Тухайн өрхийн
тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч, дөч
үзсэн зэргээс нь хамаараад ”Тэдэн улыг өнгөрүүлжээ”, ”Тэдэн улыг элээжээ” гэж
элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь
элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Өнөө цагт
”оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үедээ ”ул элээнэ” гэж ярьдаг байжээ.
Таваг засахдаа идээнийхээ боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал, зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай.
Есөөс дээш үеэр идээ өрөхгүй учир нь монголчууд есөн үеэр овог, удмаа тооцон үүний дараа яс хагалах ёс үйлдэж  цус холилдох зүйлгүй болдог.  Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай хэмээн хөгшчүүд сургадаг. Иймээс айл болгон заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, еэвэн, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өгөх самнай, жижиг дугуй боов хийдэг.
Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж ер нь юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Ууц гэж хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Ууц дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр хавирга, шагайт чөмөг дагуулж болно. Дөрвөн өндрөө зочныхоо баруун гар талд байхаар, сээрийн нарийн үзүүр,  шаантыг борви, далны маяа, хавирганы дотор талыг ууцныхаа харцага тал руу нааж, харцгыг зочны зүг харуулж тавьдаг. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтайг нь сонгож ууц тавьдаг.

Ангилал