Зүү төөнүүр эмчилгээний тухай ойлголт

Зүү эмчилгээ их эртнээс улбаатай гэдэг юм. Зарим ном сударт бичсэнээр бол сэлэм, жад хэрэглэн дайтах болсон үеэс л анхны суурь нь тавигдсан гэж үзэх нь бий. Өөрөөр хэлбэл, дайсныхаа хаана нь хатгавал хөнөөж болох, эсвэл түр ухаан алдуулж болох туршлагад л суурилсан бололтой. Ерөнхийдөө бол хүний биеийн хаа сайгүй байх биологийн идэвхтэй цэгүүдэд зүүгээр хатгаж буюу төөнөж нөлөөлөн биеийн эсэргүүцлийг сайжруулах, эрч нь суларсан мэдрэлийн дамжуулалтыг сэргээх, эмгэг өвчин үүссэн хэсэг рүү илүү олон мэдрэл, цусны урсгалыг хандуулах зэрэг олон талын үйлчилгээг зүү, төөнүүр, иллэг хэлбэрээр үзүүлдэг эмчилгээний нэг төрөл хэмээн ойлгож болно. Зүүний тусламжаар зөвхөн мэдрэлийн ажиллагааг сэргээгээд зогсохгүй бас мэдрэлийн дамжуулалтын чиглэлийг өөрчлөх, бүр зогсоох зэрэг нөлөөг ч үзүүлдэг.

Жишээ нь: Зүү, төөнүүр эмчилгээ их хөгжсөн Солонгос, Хятад, Вьетнам зэрэг улсуудад зүү тавин мэдээ алдуулж мэс засал хийх арга өргөн нэвтэрсэн байдаг. Манай орны хувьд зүү төөнүүр эмчилгээ харьцангуй эрт хөгжсөн төдийгүй анхны хэлбэрүүд нь малчин ардын дунд үүссэн байх магадлалтай. Өнөөдөр ч гэсэн манай малчид өвдсөн, гэмтсэн малдаа хатгалт хийх, цус ханах зэргээр эмчилсээр байдаг нь үүний нотолгоо мөн. Зүү эмчилгээг нарийн мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтнүүд гүйцэтгэдэг. Тэд олон жил суралцаж, дадлагажиж байж уг мэргэжлийг эзэмших ба хүний биед байх биологийн идэвхит 1000 орчим цэгийг мэдэж байж хатгалтаа зөв хийх болдог учраас тэр. Эдгээр цэгүүдийн нэлээд нь маш эмзэг байх ба амьдралын гол цэгүүдтэй ойролцоо, эсвэл давхцан байдаг. Тиймээс таамгаар, эсвэл оновчгүй хийсэн хатгалт амь насанд аюул учруулахаас гадна мэдрэлийн сааталд оруулах, аль нэг мөч мэдээгүй болж үлдэх, хараа, сонсголгүй болох зэрэг эрсдэл дагуулж болзошгүй гэж үздэг.

 

Зүү эмчилгээ хийхэд зориулсан алт, мөнгө, ган, зэс зүүнүүд байдаг. Ямар өвчин эмгэгт хэрэглэх гэж байгаагаас хамааран зүүгээ сонгох боловч хатгах цэг нь адил учир үйлчилгээ нь үндсэндээ ижил гэж үздэг. Гэхдээ алт, мөнгө зэрэг металлууд нянг зайлуулах, халдвараас хамгаалах чанараараа харьцангуй дээр гэх нь бий. Зүү хатгадаг биологийн идэвхтэй цэгүүдэд төөнүүр, цахилгаан соронзон шарлага зэргийг хавсран хэрэглэх нь сайн үр дүн өгдөг учир ардын уламжлалт эмчилгээнд эдгээр аргыг хослуулан хэрэглэдэг юм. Зүү эмчилгээний үр дүн харьцангуй хурдан гарах ба зарим өвчний үед “өргөс авсан мэт” гэдэг шиг шууд үйлчлэх ч байдаг. Жишээ нь, хоолойн өвчин /ангина/ хүндэрч идээлсэн үед ч гэсэн ялгаагүй эрхий хурууны хумсны толионы хажуу ирмэгт зүү тавихад /хатгалт хийнэ гэсэн үг/ тэр дороо халуун бууж, идээ ховхрон, өвдөлт намддаг. Энэчлэн хатгах маягаар өвддөг олон өвчин, түүний дотроос мэдрэлийн нөлөөлөл бүхий хурц өвдөлтүүдийг зүү эмчилгээ сайн эзэмшсэн эмч маш богино хугацаанд намжааж өвдөлтийн шокоос аварч чаддаг. Зүү эмчилгээгээр хүний нүдний болор цайн хараагүй болсон хүнийг эмчилж хараа оруулдаг байсан баримт олон байдаг. Орчин үеийн Европ эмнэлэг хөгжөөгүй байсан тэр цагт сайн маарамба /эм тан хийдэг, судас барьдаг, зүү төөнүүр тавьдаг зэрэг нэг ёсондоо эмч ламыг маарамба гэнэ/ алтан болон мөнгөн зүү ашиглан нүдний цайсан болрыг хатгаж арагш нь унагаагаад хараа оруулдаг байжээ. Энэ аргыг Европын анагаах ухаанд ч саяхан болтол хэрэглэдэг байв. Ингэхдээ тусгай зориулалтын зүүний үзүүр хэсгийг хөлдөөгөөд цайсан болорт нааж татаж аваад дараа нь харааны шил тааруулан зохицуулдаг ерөнхий зарчимтай. Энэ мэтчилэн зүү төөнүүр анагаах ухаанд өргөн хэрэглэгдсээр ирсэн ба одоо улам нарийсан төрөлжсөн байдлаар хэрэглэгдэж буй. Төөнүүрийн үйлчлэх зарчим зүүтэй үндсэндээ төсөөтэй. Гэхдээ төөнүүр хийхдээ зориулалтын өвс ургамал, эм зэргийг тусгай жороор найруулан байж бэлтгэдэг. Зүү төөнүүр хийлгэж буй хүн гам сайн барих учиртай. Учир нь хүний арьсны бүх нүх сүв нээгддэг учир халдвар авах магадлалтай гэдэг болоод тэр юм.

 

Зүү эмчилгээг тухайн өвчтөний өвчний байдлаас хамаарч тохируулан хийдэг. Зүү эмчилгээ их нарийн. Эдгээр цэгийн ихэнх нь эмзэг байх ба амьдралын гол цэгүүдтэй ойролцоо эсвэл давхцсан байдаг.


ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал