Хашаагаа чулуугаар чимэглэх санаанд оромгүй аргууд
Мод, ургамал тариалах ач холбогдлыг бид мэддэг ч хүрээлэн буй орчноо хангалттай ногоон байлгаж чадахгүй байна. Их ажлын дараа гэрлүүгээ ирэхэд аятай, тухтай, цэвэр цэмцгэр орчин угтвал ажлын бүх ачаалал мартагдаж сайхан амарч чадна шүү дээ. Дизайны шийдэл, байгалиас өгөгдсөн эерэг энерги татагч чулуунууд, өнгө үзэмж нэмэх ургамалууд бүгд нийлж таны хашааг өөр хаана ч байхгүй тухтай, үзэмжтэй газар болгох боломж бий. Ялангуяа гэр хороололд амьдардаг хашаатай айлууд олон янзын байдлаар хямд аргаар хашаагаа тохижуулах боломжтой байдаг. Жижиг талбайтай байсан ч хамаагүй байгалийн чулуу, мод, ургамалыг ашиглаж хашаагаа тохижуулах хэд хэдэн санаа
Хайргаар хашаагаа тохижуулах
Уншигч та 0.07 га газраа нийтэд нь зүлэгжүүлье гэвэл эдийн засгийн хувьд чамгүй өртөг гаргана. Мөн арчилгаа шаардаж, таны алтан цагаас ихээр хорооно. Энэ бүх төвөгтэй асуудлыг гадаадын улс орнуудад нарийн хайргаар шийдсэн байдаг. Та хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, авто машины зогсоол, зүлэг, цэцэрлэгжүүлэлтээс бусад ашиглалт багатай талбайгаа таван см зузаантай хайргаар бүрж өгөх хэрэгтэй. / 300 м.кв талбайд гурван тонн хайрга орох юм /. Хайрга нь шороо босохгүй, арчилгаа багатай, хямд өртөгтэй, тайвширлыг авчирдаг, бороо эсвэл усанд угаагдахад илүү өнгөлөг, шинэ мэдрэмжийг төрүүлдэг давуу талтай.
Хямд бас зөв зүлэгжүүлэлт
Эрүүл амьдралын нууц нь ногоон байгууламж юм. Айл бүр тодорхой хэмжээнд зүлэг, мод, цэцэг тарих нь зүйтэй. 0.07 га газрын 150 м.кв талбайг зүлэгжүүлэхэд хашаан доторхи орчин өнгөлөг, цэвэр цэмцгэр харагдана. /Нэг м.кв талбайд 50 гр үр орох юм/. Ингэх нь маш хямд тусна.
Гацуур модыг сүүдрэвч болгон ашиглаарай
0.07 га газрыг маш зөв ашиглавал танд өгөөжөө өгнө. Хашааныхаа нэг талд хүнсний ногоо тарих хэрэгтэй. Энэ нь өрхийн хэрэглээний тодорхой хувийг хангачихна. Харин нөгөө талд нь амрах, салхилах орчныг нь бүрдүүлээрэй. Ингэхдээ ямар модыг сонгох нь чухал. Сакура мод хамгийн түрүүнд цэцэглэдэг учраас хаврын сайхан мэдрэмжийг танд төрүүлэх нь гарцаагүй. Энэ модноос эхлээд ягаан цэцэг гарч, дараа нь цагаан өнгөтэй болдог. Энэ олон өнгө таны хашаанд амьд орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Хуучин цагийнх шиг модоор хийсэн сандал, сүүдрэвч барих нь оновчтой арга биш . Зай талбай их эзэлнэ. Монгол улс эрс тэс уур амьсгалтай учраас сүүдрэвчийг байнга ашиглаад байдаггүй. Мөн модоор сүүдрэвч барих нь зардал ихтэй. Харин үүнийхээ оронд суулгасан том модоо сүүдрэвч болгон ашиглаж болох юм. Мод тань сүүдрэвч болох хэмжээнд ургаагүй бол та зөөврийн сүүдрэвч, сандлыг хэдэн жилдээ ашиглаж болно.
Байгалийн чулуун замаа донжийг нь олж байрлуулаарай
Хашаан дотор хамгийн гол хэсэг бол явган хүний зам. Явах хөдөлгөөний урсгалаа сайн тооцож, замаа барих хэрэгтэй. Цемент, тоосгоор явган хүний зам барих нь мэдээж зардал их. Үүний оронд байгалийн чулуугаар явган хүний зам хийвэл өнгө үзэмжтэй харагдуулдаг. Ингэхдээ чулууныхаа хэлбэр дүрсийг нь оновчтой байрлуулах хэрэгтэй. Чулуугаар хийх боломжгүй бол хуучин банз модыг донжийг нь олж байрлуулж бас болно. Банз, чулуугаар хийсэн замыг өөр газар руу шилжүүлэн байрлуулж болдог юм. Явган хүний замынхаа хоёр талаар нь ногоон байгууламж, хүнсний ногоогоо тарих хэрэгтэй. Орчин үеийн интерьерийн шийдэл эко орчинг эрэлхийлэх болсон учраас байгалийн бүтээгдэхүүнийг ашиглах нь цаг үеэ олсон тохижуулалт байх болно.
Бул чулуу шинэ өнгө төрхийг авчирна
Байгалийн гэсэн бүхэнд хүн дуртай байдаг. Байгальтайгаа хүйн холбоотой учраас хүн өөрийн эрхгүй энэ бүхэн руу татагддаг шүү дээ. Хашаан дотроо зүгээр нэг байгалийн бул чулуу авчраад тавьчих. Гэхдээ хаана байрлавал үзэмжтэй харагдах бол гэдгийг бодолцоорой. Өвөрмөц хэлбэртэй бул чулуу нь чулуу эсвэл модоор хийсэн явган хүний замтай хосолж, танай хашаанд өвөрмөц өнгө төрхийг бий болгох нь гарцаагүй. Хамгийн гол нь сэтгэл л байвал сайхан орчныг нэг их мөнгө зарцуулахгүйгээр хийж болох нь. Нийслэлд хаа сайгүй л мод, бут сөөгийг худалдаж байна. Үнэ нь өндөр биш боломжийн гэж байгаа шүү.