Ажлын ярилцлага өгөхийн өмнө мэдэж байх шаардлагатай зүйлс
- Компаний талаар судлах:
“From Graduation to Corporation” номын зохиолчын хэлснээр хүмүүс ярилцлаганд орох гэж байгаа компанийхаа талаар огт судалдаггүй маш бага мэдлэгтэй байдаг нь ажил олгогч талын менежерүүдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйлсийн нэг гэнэ. Тухайн компанийхаа талаар google-с мэдээлэл олж, веб сайтаар нь орон компаний зорилго, бүтээгдэхүүн, үйлчилгээ, байршил болон удирдаж байгаа хүмүүс гэх мэт мэдээллүүдийг мэдэж ав. - Асуух магадлалтай асуултуудыг жагсаан бич:
Ажлын ярилцлагын үеэр асуух магадлалтай нийтлэг асуултуудыг жагсаан бичиж ярилцлаганд орохоос өмнө бэлдэх нь маш чухал юм. Үүнийг дутуу үнэлж болохгүй. Хамгийн эхний бөгөөд хамгийн өндөр үр дүн өгөх зүйл бол энэ юм. - Тухайн байгууллагад юу хэрэгтэй байгаа, юуг хүсч байгааг тодорхойл:
“Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?” гэх мэт асуултууд нь эхэлж сонсоход танруу чиглэсэн асуулт мэт боловч яг үнэндээ энэ нь бүхлээрээ танруу чиглэсэн асуулт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ төрлийн асуултад амжилттай хариулахын тулд эхлээд ажил олгогчид ямар ур чадвартай хүмүүс хэрэгтэй байгаа талаар ажлын заруудыг нь сайтар судалж, ойлгосны үндсэн дээр та өөрийн хариултуудаа ажил олгогчийн хэрэгцээ шаардлага, тулгараад байгаа асуудлуудад чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийгээ бусад ажил горилогчдоос ялгаж харуулах боломжтой юм. - Өөрийгөө google-с хай:
Тухайн компани чиний талаар ямар сөрөг болон эерэг мэдээллүүд олж авсан байж болох тэр болгонд хариулахдаа бэлтгэлтэй бай.
Өөрөө өөрөөсөө ярилцлага ав.
Асууж болох асуултуудаа бэлдэн чанга дуугаар өөрөөсөө асууж мөн хариул. Ийм байдлаар бэлдэх нь их тустай байдаг. - Бэлд бас төлөвлө:
Дээрх ажилд орох ярилцлагын нийтлэг асуултуудыг найзаараа эсвэл хамт ажилдаг хүнээрээ асуулгаж өөрөө хариулж бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ асуултуудын хариултыг цээжлэхээ урьтал болгохгүйгээр тухайн компанийхаа хэрэгцээ шаардлагыг бодолцож хэрхэн хариулах ерөнхий чиг баримжаагаа гаргаж авах нь чухал юм. - Өмнө нь өгч байсан ярилцлагаасаа жишээ авч сайжруулах:
Орж байсан ярилцлагуудаа тэмдэглэж байх хэрэгтэй. Ярилцлага хэр удаан үргэлжилсэн, ярилцлага авч байсан менежерийн талаар таны сэтгэгдэл, ялангуяа ямар асуултууд асууж байсан, та юу гэж хариулж байсан гээд бүгдийг тэмдэглэж авснаар өмнө нь гаргаж байсан алдаагаа дахин гаргахаас сэргийлж чадна. - Ирээдүйн зорилгоо тодорхой ойлгуул:
Ярилцлагын үеэр ихэнхи асуултууд таны өнгөрсөнд хуримтлуулсан туршлага болон ирээдүйн зорилгыг мэдэх зорилготой байдаг тул өөрийн зорилгоо зөв тодорхойлж, үнэн сэтгэлээсээ хариулах хэрэгтэй. Хэрэв та онож алдсан, хуурамч хариултууд өгвөл энэ нь ярилцлага авч буй хүнд илт харагдах бөгөөд танд итгэх итгэлийг нь буруулдаг. - Эерэг бай:
Та ямар ч асуултанд хариулахдаа ямагт эерэг хандлагаар хариулаарай. Тэр ч бүү хэл танд тохиолдсон сөрөг зүйлийн талаар ярихдаа эерэг талаас нь харж яриарай. Хуучин ажлын хамтрагчид болон захирлынхаа талаар хэзээ ч сөрөг зүйл ярьж болохгүй. Ажилд орох ярилцлага нь таны хуучин хамтрагчид эсвэл захиралын талаар биш таныг илүү таньж мэдэхэд чиглэж байдаг тул тэдгээр хүмүүсийг буруутгасан, үзэн ядсан, хорссон эсвэл гомдсон байдлаар ярих нь ажил олгогдчид таны талаар сөрөг сэтгэгдэл төрүүлэх болно. - Тайван байх:
Ярилцлагаа бэлдэх нь их чухал ч хамгийн гол зүйл бол ярилцлагын үеэр тайван байх. Бүх сайн сайхан зөвлөгөөнүүдийг уншаад дагах гэж хичээсэн ч хэрвээ та өөрөө тайван бус сандралтай байвал аль ч сайн зөвлөгөө байгаад нэмэргүй. Ярилцлага авч байгаа хүмүүс тайван өөрийнхөөрөө байгаа хүмүүст илүү дуртай байдаг ба та тайван байснаараа илүү өөртөө итгэлтэй болох болно.
Эх сурвалж: English Maestro.mn