Бүх л намар, өвөл, хаврын турш хүсэн хүлээсэн зуны улирал ирж, цагийг цэвэр агаарт, цэцэгсийн дунд өнгөрөөх боломж олдож байна. Аливаа амралт, зугаалгын хамгийн энгийн орц нь алтан нар, амттай хоол, ахан дүүс, анд нөхдийн хөгжөөн гэдгийг та мэднэ шүү дээ! Амралт, зугаалгаа зохион байгуулахад тань тустай боловуу гэсэн зарим зөвлөгөөг хүргэж байна. Мэдээж хэрэг аливаа амралт зугаалгыг тух тохьтой, аятай сайхан болгохын тулд бэлтгэл хэрэгтэй. Амралтаа өнгөрөөх газраа нэгэнт сонгож олсон бол аян замын бэлтгэлээ хийж эхэлнэ дээ! Ямар ч байсан амралт, зугаалгаар явахад зайлшгүй шаардлагатай гэж бодсон болон авч явах хоол хүнснийхээ зүйлсийн жагсаалтыг урьдчилан гаргаад явах өдрийнхөө өмнө бүгд бэлэн байгаа эсэхийг шалгаад нэг үзээрэй.
Хүнсний зүйлс:
- Төрөл бүрийн сэндвич, талхан зуушийг өөрт байгаа материалаар, богино хугацаанд хийж болох бөгөөд энэ нь аян замд авч явахад тун тохиромжтой хүнс юм.
- Мөн төрөл бүрийн ногооны салат, жимс, жимсгэнэ, самар, чихэр, жигнэмэг зэргийг десертэнд авч болно.
- Түүхий мах, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, өндөг зэргийг авч явах бол мөстэй эсвэл тусгай хөргөгч саванд хийн авч явах хэрэгтэй.
- Хоолоо хийх хүртлээ нарны гэрлээс хол, сэрүүн газар байлгана.
- Урьдчилан шарж бэлтгэсэн тахиа болон загасны махыг зориулалтын мөнгөн цаасанд ороон авч явж болно.
- Гэдсээ өвтгөх гээгүй л бол аян замд майонез авч явах хэрэггүй!Ер нь амархан муудах, гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг хол газар аялал, зугаалгаар авч явахад тохиромжгүй байдаг.
- Уух юмны хувьд өргөн сонголттой бөгөөд өөрсдийн дуртай ундаа, шүүсийг аваад явахад болно.Халуун цай авч явах бол цайны халуун саваа мартуузай!
Халуун өдөр хэт хүйтэн, мөстэй ундаа амны цангааг тийм сайн тайлдаггүй. Цангааг рашаан ус, ногоо, жимсний шүүс сайн тайлна. Гэрийн нөхцөлд бэлдсэн жимс, жимсгэний ундаа нь элдэв өнгө, амт, үнэр оруулагч химийн бодисгүй учир авч явахад илүү тохиромжтой. Халуун өдөр тараг, йогурт гэх мэт амархан гашлах сүүн бүтээгдэхүүн авч явах тохиромжгүйг анхаараарай!
Мөн аян замд явахдаа борц, шуузалсан мах бэлдэж авч явах, мөн нойтон мах авч явахаар бол тэс хөлдөөгөөд, хамгийн эхний буудаллахдаа түүнийгээ түрүүлж хэрэглэх гэх мэтээр шийдэж хэрэглээрэй. Ногоо гэвэл төмс, сонгино, лууван, сармисны гол зэрэг аяны ая даахаар ногоо мөн дарсан, нөөшилсөн ногоонууд гэх мэтийг базаана. Хольцонд нь олон төрлийн будаа, жигнэж бэлдсэн гурил, гоймон зэргийг хэрэглэнэ. Ер нь бол амархан муудаж,гашилахгүй бага савлагаатай лаазалсан бүтээгдэхүүнүүд бас зүгээр байдаг. Самар, хатаасан жимс, ганц нэг хатуу чихэр, хорхой ааруул зэргийг тагтай саванд хийгээд гарт ойр байлгавал амны зугаа болгоод зугаатай байна.
- Мах
Аялалд авч явах махыг ихэвчлэн шуузлах маягаар авч явдаг. Шаардлагатай үед нойтон махыг 2-3 хоног цаасан хайрцагт болон нарнаас хол байлгаж хэрэглэхэд зүгээр. Ер нь мах хурдан мууддаг хоол хүнсний тоонд орох тул аялах хугацаандаа тухайн орон нутгаас махаа бага багаар авч хэрэглээрэй. - Гоймон
Хүнсэндээ гоймон сонгож авах гэж байгаа бол жижиг хэмжээтэй орцондоо өндөг орсон байвал зүгээр. Учир нь өндөгтэй гоймонгоор хоол хийхэд болох нь хурдан ба олон хоног хадгалах үед хаталт багатай байдаг. Гоймонгоо аль болох агаар салхи орохооргүй битүү саванд хадгалах хэрэгтэй. - Хүнсний ногоо
Хүнсний ногоо авч явахдаа агаар салхи нэвтрэхээр цаасан хайрцагт хийвэл зүгээр байдаг. Олон хоног гялгар уут эсвэл битүү саванд хийж явахад хүнсний ногоо зөөлөрч витаминлаг чанараа алддаг учир торон уут болон агаар нэвтрэхээр саванд хадгалж явбал зуны цагт 4-6 хоног хэвийн байна. - Өргөст хэмх
Аяллын явцад дан мах гурил идэх нь ходоод гэдсэнд муу. Тиймээс өргөст хэмх авч явах хэрэгтэй. Учир нь өргөст хэмх бусад нарийн ногоонуудыг бодвол хадгалахад амар байдаг. Гэхдээ өргөст хэмх сонгохдоо аль болох зөөлрөөгүй хатуугаас нь сонгох хэрэгтэй.