Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам
Барилгын хог хаягдлын тухай журам нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, Монгол улс дахь барилга, байгууламжийн буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах зэрэг асуудлыг зохицуулахад оршино. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр барилга байгууламжийн буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлын зохисгүй, хяналтгүй ил задгай хаях явдал ихэссэн. Монгол улс дахь нийт хог хаягдлын 20-25% – ийг барилгын буулгалтаас үүссэн хатуу хог хаягдал эзэлж байна. Тиймээс Барилгын хог хаягдлын журам нь барилгын нураалтаас үүссэн хог хаягдалтай холбоотой асуудлыг зохицуулах, хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг багасгах, тойрог эдийн засгийг бэхжүүлэх, хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой юм.
Энэхүү журмыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ?
Монгол улс дахь барилгын салбар болоод барилгын буулгалт, нураалт, хог хаягдлын салбарынханд энэхүү журам нь асар их ач тустай. Журмыг хэрэгжүүлснээр барилгын буулгалт нураалтаас үүссэн хог хаягдлыг ангилан, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах шинэ арга технологи нэвтрэх боломж бий болж, салбарын ажилчдын энэ талаарх мэдлэг ойлголт сайжирна. Барилгын буулгалтаас үүссэн хог хаягдлыг дахин боловсруулагдах төрлөөр нь пластик, цаас, мод зэргээр нь зохих журмын ангилагдана. Улмаар хог хаягдлыг тээвэрлэх асуудал цэгцэрч, барилгын компаниудыг хог хаягдлаа дахин ашиглах, дахин боловсруулахад нь дэмжлэг болно. Түүнчлэн энэхүү журмаар барилгын буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдалд хэн хариуцлага хүлээх, мөн зохих хууль журмын дагуу хог хаягдлыг булшлаагүй тохиолдолд юу болох зэрэг асуудлыг зохицуулна.
Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлагдлаа.
Тус журмыг хэрэгжүүлснээр салбарын хэмжээнд цаашид ямар ач холбогдолтой вэ?
Энэ журмыг хэрэгжүүлэн ажилласнаар барилгын хог хаягдлын асуудал цэгцэрнэ. Төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр байгуулах талаар холбогдох төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдээс гарсан санал, санаачлаг байгаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал буталж, ангилах үйлдвэр, энгийн хог хаягдал дарж булах ландфилын байгууламж барих төслийг Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эдгээр ажлын хэрэгжилт жигдрээд ирэхээр барилгаас гарч буй хаягдал нь хог хаягдал бус үйлдвэрийн чухал түүхий эд болох нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
БХБЯамны зүгээс Барилгын хог хаягдлын тухай энэхүү журмын хэрэгжилтэд цаашид хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
Салбарын яамны хувьд Хог хаягдлын тухай хуулиар олгосон чиг үүргийн дагуу энэхүү журмыг боловсруулан батлуулсан. Журмыг сурталчилж, Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэгтэй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-ын дагуу бүрдүүлсэн барилгын хог хаягдлын мэдээ, тайланг “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-д байршуулах үүргийг “Барилгын хөгжлийн төв” хүлээж байна.
Хог хаягдлын тухай хуулинд орон нутгийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байгаа. Барилгын хог хаягдлын хувьд ч эдгээр байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллана. Харин барилгын хог хаягдал үүсгэгч нь ямар үүрэг хүлээж, ямар арга хэмжээ авах талаар уг журамд зохицуулалт нь байгаа.
Монгол дахь барилгын хог хаягдлын өнөөгийн менежментийг дүгнэвэл?
БХБ-ын сайдын 2018 оны 09 дүгээр тушаалаар “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-д барилгын 1 м2 талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативыг шинэчлэн баталсан. Барилгыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэл хийх, засварлах, тоноглол хийх, буулгахад үүсэх хог хаягдлын хэмжээ ямар байхыг тус тус тооцож норматив хэмжээг нэмэлт, өөрчлөлтөөр тогтоосон. Мөн тус дүрэмд барилгын 1 м3 хог хаягдлын жинг 1300 кг байхаар тооцсон. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын хугацаа дуусч буулгах шаардлагатай барилгын тоо хэмжээ гарсан байгаа. Иймээс тэдгээр барилгаас үүсэх хог хаягдлын хэмжээг дээрх хог хаягдлын норматив хэмжээгээр хийцээс нь шалтгаалан тооцож төлөвлөгөө гарган ажиллах боломжтой.