Бетон зуурмагийн захиалга авч байна
“DIP” ХХК нь M100 – M500 хүртэлх бүх маркийн бетон зуурмагийг хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд таны хүссэн хэмжээгээр нийлүүлж өгч үйлчилж байна. НӨАТ орсон болон НӨАТ-өө хасуулаад авах боломжтой ба байгууллага, хамт олонтой гэрээ хийж хамтарч ажиллана.
Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
Утас: 7740-2560
Үнийн санал авах
Дүүргэгчийн төрөл, шинж чанарын үзүүлэлтүүд:
Дүүргэгч нь орцоороо бетоны эзлэхүүний 85, жингийн 80 орчим хувийг эзлэх тул өртгийг хямдруулах гол нөлөөтэйгөөс гадна шинж чанарын үзүүлэлт нь бетоны физик-механик шинж чанарт нөлөөлөөд зогсохгүй эдэлгээний чанарт ч нөлөөлдөг. Дүүргэгч нь байгалийн бүтээгдэхүүн учраас эдэлгээнд тэсвэртэй, эвдрэлгүй хэлбэр дүрсээ хадгалах чадвар сайн зэрэг нь бетоны барилга техникийн шинж чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэхээс гадна хямд үнэ нь бетоны өөрийн өртгийг багасгах гол үүрэгтэй.
Цементийн чулуутай харьцуулахад эзлэхүүнээ хадгалах чадвар сайн, удаан эдэлгээтэй зэрэг нь бетоны барилга-техникийн шинж чанарыг сайжруулахад гол нөлөө үзүүлнэ. Бетон доторх дүүргэгчийн хөшүүн хэлхээс нь бетоны бат бэхийг нэмэгдүүлэхээс гадна ачаалалд байгаа бүтээц, эдлэхүүний хэв гажилт болон удаан хугацааны туршид үйлчлэх ачааллаас үүсэх харимхай бус хэв гажилтыг багасгана. Цементийн чулуу бэхжих үедээ 1…2мм/м-ийн агшилт өгөх ба харилцан адилгүй агшилтын хэв гажилтаас дотоод хүчдэл буй болж улмаар хялгасан ан цав үүсдэг. Дүүргэгч нь агшилтын хүчдэлийг хүлээн авснаар ердийн бетоны агшилт цементийн чулууныхаас 10 дахин багасгана
Чулуулаг хагарч бутран усаар зөөгдөн, урсгалын байнгын үйлчлэлд гадаргуу нь элэгдэн мөлийгөөд голын савд хуримтлагдаж тогтсон тунамал гаралтай чулуулгийг хайрга гэдэг. Хайрга нь мөлгөр гадаргуутай учир цементэн зуурмагтай харьцангуй муу барьцалдаж ижил шинж чанартай дайргатай харьцуулахад бетоны бат бэх 5-10% буурч болох магадлалтай гэж үздэг боловч усаар зөөгддөг тул тоосорхог, шаварлаг хольц харьцангуй багатай, ус бага шингээдэг зэрэг нь бетон хольц, бетонд эерэг нөлөө үзүүлнэ. Том ширхэгтэй хайргыг бутлах үед гадаргуун талаас илүү хувь нь хагарсан ширхгийн хэмжээ нийт хайрганы жингийн 80%-иас их болсон бол буталсан хайрга гэж нэрлэх ба энэ нь барьцалдалтын хувьд хайрга, дайрганы завсрын шинж чанартай байна. Хайрга нь ихэвчлэн хайрга-элсний холимог байдлаар голын ай савд оршдог тул бетоны том, жижиг дүүргэгчийг нэгэн зэрэг бэлтгэх боломжтой, боловсруулалтын зардал багатайгаас үнэ өртөг хямд байдаг нь бас нэг давуу тал болдог.
Уулын чулуулгийг буталж ширхэглэлээр ангилсан чулууг дайрга гэдэг. Газрын гадаргууд ил байж нар, салхины нөлөөгөөр өгөршсөн чулуулгийг бетонд дайрга болгон хэрэглэж болохгүй. Уул уурхайн хөрс хуулалтын болон хоосон чулуулаг, зарим үйлдвэрийн хаягдлыг бетоны дүүргэгчээр ашиглах нь техник-эдийн засгийн үр ашигтай боловч манайд энэ талын судалгаа, туршилт, хэрэглээ хангалтгүй байна.
Дайрганы ширхгийн гадаргуу нь арзгар тул цементэн зуурмагтай сайн барьцалддаг, гүний чулуулаг нь бат бэх сайтай зэрэг нь өндөр бат бэхтэй бетонд илүү тохиромжтой боловч ширхгийн хэлбэр нь шоо, бөмбөлөгт ойролцоо биш нимгэн, гонзгой, үзүүрлэг хэлбэртэй эсвэл газрын өнгөн гадаргуун өгөршсөн чулуулаг байвал харин ч бетоны бат бэхийг бууруулах нэг шалтгаан болдгоос гадна ус их шингээдгээс хайргатай харьцуулахад нэг шоо метр бетоны усны орцыг 10л орчмоор нэмэгдүүлдэг.
Манай оронд уулын, манхны, голын гэсэн 3 төрлийн элс байдаг ба салхин зөөгдөлтөөр үүссэн уулын элс нь тоосорхог, шаварлаг хольц ихтэй, ширхэглэл нарийн, харин манхны элс нь цэвэр боловч хэт нарийн ширхэгтэй зэргээс бетонд хэрэглэх стандартын шаардлага хангадаггүй. Иймээс бид голчлон голын хайрга-элсний холимогоос ялгасан элсийг бетонд хэрэглэдэг билээ.
Дайрганы үйлдвэрлэлийн үед 5мм-ээс жижиг ширхгүүд 20 орчим хувь гардаг ч тоосорхог хольц ихтэй (жингийн 8-10% ч хүрдэг), 2.5-5мм хэмжээтэй ширхгүүд зонхилдгоос ширхэглэл бүдүүн (ширхгийн модуль 3.5-аас их) шалтгаанаар бетоны ажилд шууд хэрэглэх боломжгүй бөгөөд угаах, бутлах, жижиг ширхэглэлтэй цэвэр элсээр баяжуулах зэрэг дахин боловсруулалт шаардах тул үнэ өртөг өсөх магадлалтай.
Дүүргэгч материалд тавигдах шаардлага:
Дүүргэгчээр хэрэглэх чулуулгийн гарал үүсэл, нэр төрөл, эрдэс, химийн найрлага, бат бэх болон гарган авах дүүргэгчийн хэлбэр, хэмжээ, ширхгийн бүрэлдэхүүн, бохирдол зэрэг физик, механик шинж чанараас гадна эдэлгээний шинж чанарт ч тодорхой шаардлага тавьдаг.
Дүүргэгчийн эрдэс, химийн найрлага нь бетон хольц болон бетон түүнд хэрэглэж байгаа бусад бүрдүүлэгчдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бетоныг ашиглах орчны нөхцөлд тэсвэртэй байж эдэлгээний шаардлага хангахад чухал үүрэгтэй. Тиймээс зарим төрлийн чулуулаг, хортой хольц тухайлбал шүлтэд уусдаг талсжаагүй /аморф/ SiO2, ус болон хүчилд уусдаг сульфатууд, хлорид мөн нүүрсний агууламж, органик хольцыг стандартаар хязгаарладаг. Харин ямар ч стандартад ердийн бетон, барилгын зуурмагт хэрэглэх дүүргэгч (дайрга, хайрга, элс)-ийн цахиур (SiO2)-ын агууламжийн хэмжээг нормчилсон, хязгаарласан шаардлага байдаггүй.
Ордын геологи, хайгуулын тайланд чулуулгийн шинж чанарын үзүүлэлтийг иж бүрэн тодорхойлж хэрэглээний зориулалтыг тодорхой зааж чанарын үнэлгээ өгсөн байхаас гадна бетонд хэрэглэх бол бетоны найрлагын туршилт хийж нөлөөллийг тогтоосон байвал зохино.
Бетонд хэрэглэх дүүргэгч материалын чанарт:
– Бат бэх (чулуулгийн шахалтын бат бэх, хайрга, дайрганы бутрамтгай чанар, нимгэн үзүүрлэг хэсэг, хэврэг чулуулаг г.м)
– Бохирдол (тоосорхог, шаварлаг ба бүхэл шаврын хольц, органик болон хортой хольц бусад гаднын бохирдол г.м)
– Эдэлгээний шинж чанар (хүйтэн тэсвэрлэлт, сульфат тэсвэрлэлт, элэгдэл, шүлтэд уусалт, цацраг идэвх г.м.) гэсэн үзүүлэлтээр үнэлгээ өгч хэрэглээг тодорхой заах нь зохимжтой.