пицца хийх арга pizza hiih arga

Пиццанд дургүй хүн гэж бараг байхгүй байх. Тэгвэл та заавал пицца захиалж идсэнээс өөрийн гараар хийж идвэл илүү амттай шүү дээ. Ингээд пицца хийх жороос хүргэе.

1. Орц: 200 гр ус
1 өндөг
400 гр гурил
Чимх давс
2 хоолны халбага Олейна оливын тос

Ус, өндөг, давсаа том саванд хийж хутгана. Сайтар хутгасны дараа гурилаа хийж зуурна. Зуурч дуусахын өмнөхөн тосоо хийнэ. Ингээд гурилаа 30 минутын турш амраагаад гараараа элдэнэ.

Пиццаны хамгийн чухал зүйл нь гурил байдаг. Пицца хийхэд дэлгүүрийн бэлэн гурил ашиглахын оронд та орц, найрлагын дагуу зуурахад л болно. Гурилыг нь шаржигнасан амттай болгохын тулд ус болон гурилны хэмжээг сайтар тааруулах хэрэгтэй. Гол нь дээд зэргийн гурилыг сонгох хэрэгтэй ба энэ нь глютенин, глиадин агуулсан байдаг. Шууд крантны ус тэр бүр тохирдоггүй тул цэвэр усаар зуураарай. Хэт шингэн болон хатуу зуурч болохгүй.

2. Элдэх
Бид хэдий мэргэжлийн пиццаны тогооч шиг агаарт шидэж, сунгаж чадахгүй ч гурилаа элдэхдээ элдүүр ашиглаж болохгүй. Листээ сайтар тосолж гурилаа тавин гараараа тараана. Гурил нь 0,5-1 см-ийн зузаантай байх ёстой ба жигд сайн тарааж өгнө.

3. Шарах шүүгээ
Пиццаг 6-10 мм-ийн зузаантай ган листэн дээр хийвэл маш амттай болно. Гурилаа бэлдэж байх хооронд шарах шүүгээг 180-190 °C-хэмд 2-3 минут орчим халаана.

4. Хачир
Бэлэн болсон гурил дээрээ эхлээд улаан лоолийн соус түрхэнэ. Heinz илүү тохиромжтой. Дараа нь ямар төрлийн пицца хийхээс шалтгаалаад өөрийн хүссэнээр амталгаагаа хийнэ. Жишээлбэл: Гахайн махтай пицца хийх гэж байгаа бол соусаа түрхсэний дараа урьдчилан бэлдсэн гахайн махаа тавьж, дээр нь илүү зөөлөн сайхан болгохын тулд бяслагаа үрж хийнэ.

Ийнхүү дараа нь өргөст хэмх, чинжүү брокли ч юм уу өөрийн хүссэн хачираа нэмж болно. Ингээд хамгийн сүүлд үрсэн бяслагаа жигд тарааж, шарах шүүгээндээ 25-30 минут болгоно.

 

Дөрвөн амтыг нэг дор
Орц: Моцералла бяслаг- 150 гр
Олив
Хиам
Гахайн мах
Эрэдэнэшиш
Мөөг
Амтат чинжүү
Үрлэн улаан лооль

Хийх арга: Гурил: Эхлээд гурилаа бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ томхон саванд гурил, хөөлгөгч, оливын тос, элсэн чихрээ хийж холиод, усаар зуурна. Дараа нь үүнийгээ дулаахан газар, хучиж тавина.

Улаан лоолийн соус: Харин одоо улаан лоолийн соусаа бэлтгэнэ. Оливын тосоо тогоонд хийж, халаана. Үүндээ хэрчсэн сармисаа хийж, 1 минут хуураарай. Мөн элсэн чихэр, улаан дарсны цуу, орегано болон улаан лоолио хийж 20 минут буцалгаж өтгөрүүлнэ.

Чимэглэл: Дараа нь урьдчилаад шарах шүүгээгээ 180 хэмд халаан орхих аж. Шарах шүүгээний тавцангаа оливын тосоор тосолж, дээр нь элдсэн гурилаа тавьж, бэлтгэнэ. Ингэхдээ гурилаа 4 хэсэгт хувааж, нэмэх тэмдгийг гурил дээгүүр нь тавих юм. Дараа нь улаан лоолийн соусаа жигд түрхэж, дээрээс нь бяслагаа цацна. Харин та өөрт байгаа ногоо, мах зэргээ ашиглаж, 4 төрлийн пицца хийх боломжтой. Ингэхдээ нэг талыг нь хиамтай, нэгийг нь ногоотой болгож мөөг, олив зэргээр чимэглэнэ. Харин дахин нэгийг нь холимог болгож гахайн мах, чинжүүг ашиглах бол сүүлийнхийг нь тахианаа махтай болгож хамтад нь ананас, эрдэнэ шиш, улаан лооль зэргийг тавиарай. Одоо та пиццагаа зуухандаа хийж, 20 минут байлгахад хангалттай.

Өндөгтэй пицца
Орц: Улаан лооль- 1 ширхэг
Сармис- тал
Нунтаг орегано- тал халбага
Бууцай- 20 гр
Пармезан бяслаг- 30 гр
Моцералла- 70 гр
Өндөг- 1 ширхэг

Хийх арга: Улаан лоолио буцалж буй усанд хийж, 2-3 минут чанана. Дараа нь улаан лоолио гаргаж хальслан, жижиглээд орегано, хэрчсэн сармис зэргээ хийж, хутгана. Үүндээ чанаж бэлтгэсэн бууцайг ч мөн нэмэх юм. Харин дараа нь шарах шүүгээгээ 200 хэмд халааж, тавцангаа тосолно. Харин гурилаа дээр дурдсангаар бэлтгэн элдэж тавцандаа дэвсэж өгөөрэй. Дараа нь үүндээ улаан лоолийн хольцоо жигд түрхэнэ. Дээр нь бяслагаа цацаж, зууханд хийн 5 минут байлгах юм. Харин үүний дараа өндгөө хагалж, дахин 7 минут зууханд байлгаарай.

Шоколадтай пицца
Орц: Масло- 185 гр
Элсэн чихэр- 185 гр
Бор элсэн чихэр- 150 гр
Өндөг- 2 ширхэг
Ваниль- 2 халбага
Гурил- 335 гр
Давс- 1 халбага
Шоколадны үртэс- 200 гр
Хайлуулсан хар шоколад- 200 гр
Цагаан шоколад- 25 гр
Гүзээлзгэнэ- 25 гр
Хөөсөн чихэр- 25 гр

Хийх арга: Урьдчилаад шарах шүүгээгээ 180 хэмд халааж орхиорой. Масло хайлуулж, элсэн чихрээ хийж, миксердэнэ. Үүндээ өндөг, ваниль, гурил, давс зэргээ ч мөн хийж зуурмагаа бэлтгэх юм. Харин дараа нь зуурмагаа тавцанд тавьж, зууханд 25 минут байлгах аж. Энэ хооронд шоколаднуудаа хайлуулж, нийлүүлнэ. Жигнэмэгээ болмогц дээр нь шоколадаа түрхэж, гүзээлгэнэ, хөөсөн чихрээр чимэглэнэ.

Зайдас, мөөгтэй пицца
Орц: Зайдас- 4 ширхэг
Мөөг- 200 гр
Сонгино- 1 ширхэг
Моцеррелла- 150 гр
Улаан лоолийн соус- 100 гр
Бэлтгэсэн талхны зуурмаг

Хийх арга: Гурилаа дээр дурдсан аргын дагуу бэлтгэнэ. Харин шарах шүүгээгээ 180 хэмд халааж, тавцанг нь тосолж, үүндээ элдсэн гурилаа дэвсэж бэлтгэнэ. Дараа нь улаан лоолийн соусаа жигд түрхэж тавиарай. Харин зайдас, мөөг болон сонгинио хэрчиж, тосонд бага зэрэг хуурна. Үүнийгээ пиццаны талхан дээрээ цацан тавьж, бяслагаар бүтээх аж. Та пиццагаа 15 минут зууханд байлгасны эцэст гаргаж, амтархан зооглоорой.

Бяслагтай пицца
Орц: Сармис- 1 хумс
Оливын тос- 1 халбага
Гурил- аяга илүү
Хөөлгөгч- 2 халбага
Розмарин- 1 халбага
Элсэн чихэр- 1 халбага
Давс- халбаганы дөрөвний гурав
Сүү- 6 халбага
Оливын тос- 3 халбага
Бүлээн ус- 6 халбага
Улаан лоолийн соус- аяганы дөрөвний гурав
Яншуй- 2 халбага
Пармезан баяслаг- тал аяга

Хийх арга: Шарах шүүгээгээ урьдчилаад 300 хэмд халаана. Ингэхдээ дотор нь 1 бүтэн сармисаа жижиглэн хэрчээд, тавцан дээр тавьж, оливын тосонд шарна. Болсон гэж үзвэл сармисаа гаргаж аваарай. Гурилаа хөөлгөгч, роземарин, элсэн чихэр, давс зэрэгтэй хольж, хутгана. Харин өөр нэг аяганд сүү, оливын тос, давс зэргээ холиод, гурилан дээрээ хийж, зуурах юм. Үүнийгээ бүтээж, бүлээн газар тавин, 1 цаг байлгана. Харин шарах шүүгээний тавцангаа авч тослоод гурилаа дэвсэж, дээр нь улаан лоолийн соусаа түрхэж жигд тараан түрхэнэ. Үүн дээрээ өмнө бэлтгэсэн сармис болон яншуйгаа цацаж, дээрээс нь бяслагаа тарааж тавина. Та үүнийг 25 минут зууханд байлгаж, болгоорой.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал