Ус хуримтлуулах далан барина

ТУУЛ ГОЛ ДЭЭР УСАН ДАЛАН БАРИНА

Нийслэлийн Удирдлагын зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж, шинэ цэвэрлэх байгууламж барих болон гадаргын усыг ашиглан усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ: Гол дээр далан байгуулж, усаа хуримтлуулах далан юм. Голын урсч байгаа усан дээр, бороо, үеэр, шар ус, хөрсний ус нэмэгдэж хуримтлагдана. Энэхүү хуримтлагдсан усаар Туул голынхоо урсацыг жигдрүүлнэ. Туул гол маш их бохирдолттой, Улаанбаатар хотоор дайран өнгөрөх зарим газартаа ширгээд газар дор орчихсон байдалтай байгаа. Ийм учраас голынхоо гольдролыг жигдлэх, одоо байгаа усны түвшинг нэмэгдүүлэх тохиргоог хийх юм. Улаанбаатар хотод уулын, үерийн гээд байгалиас өгч байгаа өгөөж усыг ерөөсөө ашиглахгүйгээр нэг, хоёр өдрийн дотор урсгаад алдчихдаг. Харин одоо тэр шууд урсаад өнгөрч байгаа усаа барьж тогтоогоод ахуйн  хэрэгцээний болон ундны усны нөөцийг тэнцвэржүүлэх боломжтой.

Даланг бий болгосноор Улаанбаатар хотын хуурайшилттай уур амьсгалыг зөөллөж, чийгшилттэй болгоно. Мөн хураагдсан усан даланг түшиглээд усан спорт, аялал жуулчлал бусад чиглэлийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Далангийн өндөр нь 38 орчим метр ба нийт 4000 гаруй кв.км газар нутгийг хамрах юм. Манай урд хөрш Бээжин хотын усан хангамжийг тогтвортой байлгахын тулд тав, зургаан голд ийм усан сан байгуулсан байдаг бол ОХУ-ын Москва хот, Турк, Израиль гээд олон улс орны хотуудад энэ туршлагыг хэрэгжүүлж, усны асуудлаа шийдвэрлэсэн байдаг.

Даланг Тэрэлжийн бэлчир газарт барихаар төлөвлөж байгаа ба 1980-аад оноос ЗХУ-ын тусламжтайгаар хийгдсэн судалгаан дээр үндэслэж, Туул голын таван газарт хөндлүүр буюу далан барих боломжтойг тогтоосон. 1989 онд Зөвлөлтийн эрдэмтэд Хар усан тохойн аманд боомт хийх судалгааг гаргасан. Үүний дараа 1997-1998 онд “Мон-хидро констракшн” компани судалгаа хийж тавдугаар хөндлүүр буюу Тэрэлж орчмын урсац дээр далан босгож болох юм гэдгийг тогтоосон. 2010-2011 онд “Пристеж инженеринг” компани тухайн үеийн Байгаль орчмын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран судалгаа хийж Тэрэлжийн хоёрдугаар хөндлүүр хөндийд далан байгуулах боломжтойг тогтоож, нийт 270 орчим сая ам долларын өртөгтэйгээр далан босгоно гэж тооцоолсон. Түүний дараа Солонгосын Олон улсын байгууллага “Койка” мөн судалгаа хийж хоёрдугаар хөндлүүрт далан босгож болно гэдгийг баталсан.

Далан босгоход 300 сая ам доллараас доошгүй хөрөнгө шаардлагатай. Тендер эсвэл төсөл хөтөлбөр шалгаруулах  уу, олон улсын эсвэл Засгийн газрын хөнгөлттэй зээл авч барих уу. Ямартай ч энэ жил техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаагаа гаргаад дараа жилийн хавар барилгын газар шорооны ажилдаа орох ёстой гэсэн хатуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Даланг бүрэн барьж дуусахад 3-4 жил зарцуулна. Энэхүү далан нь 2050 он хүртэл Улаанбаатарын хүн амын усны хэрэглээг хангах боломжтой болно.

Ийм даланг Туул төдийгүй Сэлбэ голын эхэнд ч барих боломжтой. Үерийн усны суваг, урсгал Чингэлтэй хайрхан, хотын хойноос урсан орж ирдэг. Үерийн усыг боож хааж, хадгалж чадвал Сэлбэ голынхоо урсацыг тохируулж чаддаг болно. Хойноос ирэх салхины нөлөөгөөр уур амьсгал зөөлрөх шинжтэй. Ургамал, ногоон байгууламжаа услах усны нөөцтэй болно. Усаа нөөцөлж чадсанаар ундны ус, ахуйн хэрэглээний усаа ангилах боломжтой болно.

Хоёр дахь түүхэн шийдвэр бол төв цэвэрлэх байгууламжийг цоо шинээр байгуулахаар болсон. Эдүгээ төв цэвэрлэх байгууламж өдөрт 170 орчим мянган шоо метр бохир ус цэвэрлэж байгаа. Одоо байгаа байгууламжийн цаад талд 50 га газар сул байгаа ба тэнд шинэ байгууламжаа барьж болно хэмээн үзэж байгаа. Өндөр түвшний цэвэрлэх байгууламжийн технологитой Чех, Герман, франц, Солонгос улс, ОУ-ын “Жайка” байгууллагаас хүртэл төсөлийн саналууд ирж байгаа. Бас нэг боломж бүрдээд байгаа нь эдгээр улс, байгууллагууд “Өөрсдийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барьж өгье. Баригдсаны дараа хөрөнгийг буцааж болно” хэмээн  мэдэгдээд байгаа юм. Одоо зөвхөн ямар нэгэн улс төр, эдийн засаг, бизнесийн лоббинд автахгүйгээр зөв технологи сонгох ёстой. Тэгж чадвал 2016 он гэхэд тухайн байгууламжийн эхний хэсэг нь ашиглалтанд орох боломжтой болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал