Эрдсэн барьцалдуулагч, дүүргэгч материал, тусгай зориулалтын полимер нэмэлт бодисыг зохистой харьцаагаар хуурайгаар хольж найруулсан бүтээгдэхүүнийг хуурай хольц гэнэ.
Эрдсэн барьцалдуулагчаар портландцемент, агаарын шохой, барилгын гөлтгөнө, полимер нунтаг бодисыг ашиглана.
Чигжээс буюу тэгшилгээний хуурай хольцонд шохойн чулууны нунтаг /гурил/, нунтаг цэрд, маш жижиг ширхэглэлтэй элс хэрэглэнэ.
Хуурай хольцын технологид усны зарцуулалтыг багасгах, уян налархайжуулах нэмэлт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ус үл нэвтрүүлэх ба ан цавд тэсвэртэй, барьцалдах чадвар өндөртэй болгохын тулд хуурай хольцын найрлагад устай эмульс үүсгэх, хуурай жингийн 5 %-иас ихгүйгээр усанд уусамтгай нунтаг полимер нэмэлт хийдэг
Барилгын ажилд өгөгдсөн хэмжээгээр савласан хуурай хольцыг ашиглах зааврын дагуу хэмжээт усаар зуурч зориулалтын дагуу хэрэглэнэ.
Хуурай хольцын ангилал:
Барьцалдуулагч материалын төрлөөр: цементэн, шохойн, гөлтгөнөн, шохой-цементэн, шохой-гөлтгөнөн гэж ангилна.
Хуурай хольцыг зориулалтаас нь хамааруулан дараах байдлаар ангилна.
Үүнд:
– Хөөсөн ба шахмал полистирол, полиуретан хатуу хавтан наах
– Гадна болон дотор ханын керамик, чулуун хавтанцар наах
– Торон, шилэн мяндсан арматур наах
– Өнгө болон суурь шавардлагын цавуу
– Шалны өнгөлгөө
– Өргийн болон тэгшилгээний ажил
– Бусад хавтан наах.
Тусгай зориулалтын хуурай хольц: заадсын чигжээс, суурь бэхжүүлэгч, ус тусгаарлах, дулаан тусгаарлах хуурай хольцууд орно.
28 хоногийн дараах шахалтын бат бэхээр нь хуурай цавууг В2,5 (M35), В3,5 (M50), В5 (M75), В7,5 (M100), В10 (M150) гэж ангилна.
Хуурай хольцын давуу талууд:
Барилгын ажилбарын тоог багасгах
Ажлын чанарыг дээшлүүлэх
Тээврийн зардлыг багасгах
Зуурмагийн зарцуулалтыг багасгах
Зуурмагийн уян налархай чанарыг дээшлүүлэх
Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
Өнгөлгөөний ажлын хугацааг багасгах
Хэрэглэх, тээвэрлэхэд хялбар
Хог хаягдал гаргадаггүй
Эдийн засгийн үр ашигтай
Хуурай хольцын үйлдвэрлэлийн технологи:
1) Түүхий эдийг бэлтгэх
2) Дүүргэгч материалыг хатаах, дулааны 3) боловсруулалт хийх
3) Ширхэглэлээр нь шигшиж ялгах
4) Тугнах
5) Барьцалдах материал болон полимер нэмэлтийг тугнах
6) Хольж зуурах
7) Савлах
8) Бэлэн бүтээгдэхүүний агуулахад хураах, хадгалах
Манай улсад 10 гаруй хуурай хольцын үйлдвэр ажиллаж дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангаж байгаа ба хар замаска, блокны цавуу, хөөсөнцрийн цавуу, шал тэгшлэгч, плитаны цавуу, торны цавуу, шавардлагын болон шалны бэлэн зуурмаг, цагаан замаска зэрэг хуурай хольцыг үйлдвэрлэж байна.