“Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн сэтгэл судлаач Б.Номин:
Хүүхдүүд сургуульд орохдоо өөрийгөө том хүн болж байна гэж бодож сэтгэл хангалуун ордог. Гэтэл сургуульд ороод үүрэг хариуцлага хүлээгээд гэрийн даалгавар хийх зэрэг ачааллыг авдаг. Энэ үед нь эцэг эхчүүд дэмжлэг өгөхийн оронд хүүхдээ “чи хийх ёстой, чадах ёстой, чи залхуурч байна” гэх мэтээр шаардаж, дарамталж эхэлдэг. Энэ нь маш буруу зүйл. Эцэг эхчүүд эхний гурван сар хүүхдэдээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. 15 минут амраагаад 20 минут хичээлийг нь хийлгэх зэргээр амралтыг өгч байх шаардлагатай. Хүүхэд хичээлээ буруу хийсэн байж болно. Энэ бол ерөөсөө аймшигтай зүйл биш. Хүн болгон алдаа гаргадаг. Алдаа хийж байж хүн сурдаг. Тэр хүүхдийн хувьд бүх зүйл шинэ байгаа учраас алдаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр тайван хандаж, хүүхдэдээ урам зориг өгч байх хэрэгтэй. 20 үгнээс 5 үгийг нь зөв бичээд бусдыг нь алдсан байсан ч алдсан 15 үгэн дээр биш, алдаагүй байсан 5 үгийг нь онцлоод эерэг хандлагыг төрүүлэх хэрэгтэй. Харин алдаагаа дахиж гаргахгүй байхын төлөө хамтдаа дахин оролдоод үзье гэдэг байдлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Харин алдсан алдааг нь онцлоод байх юм бол хүүхэд алдаа хийхээсээ айдаг болно. Цаашлаад идэвхгүй болж эхэлнэ. Тиймээс эцэг эхчүүд загнаж, зодохынхоо өмнө өөрийгөө хянаж тэвчээртэй тайван байх хэрэгтэй. Таны хүүхдийн гэрийн даалгавар чухал биш харин алдаа гаргаад алдаагаа засаж сайжруул дэвшиж байх нь илүү чухал шүү гэдгийг л сайн ойлгох ёстой юм.
Б.Ууганцэцэг: Эцэг эхийн хайр халамж өөртөө итгэлтэй, зөв монгол хүнийг бүтээнэ
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг: Эцэг, эхчүүд хүүхдийн нас зүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх насны хүүхэд, сургуулийн насны хүүхдүүдийн хооронд мэдээж хүмүүжлийн арга барилын ялгаа гарна. Тиймээс хүүхэд бүрийн насны онцлогийн тухай мэдэж байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэлийг тооцох чадамж сул, хэлсэн үгийг хурдан мартдаг, хөдөлгөөн ихтэй, эерэг, сөрөг, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг учир ээж аавынхаа тэвчээрийг барах тохиолдол бий. Тиймээс ээж, аав нар энэ онцлогуудыг мэдэж, ойлгож хүлээн авах хэрэгтэй. Дээрх онцлогийг мэдээгүйгээс эцэг эхийн тэвчээр алдагдах байдал түгээмэл. Харин сургуулийн бага насныханд даалгаврыг яаж сууж хийх, гэрийн ажилд хэрхэн яаж туслах, хоолыг хэрхэн бэлтгэх, яаж болгох, зочин ирэхэд цай аягалах, дөхүүлэх зэргийг зааж өгөх ёстой. Үүнийг зааж өгөөгүйгээс хүүхдээ загнах, зэмлэх, хүүхдээ басах зэрэг үйлдлүүд гардаг. Тиймээс хүүхдийн дэргэд байгаа насанд хүрэгчид өөрсдөө зааж сургах, тэдний сэтгэл мэдрэмжийг асуух нь чухал юм.
Г.Хулан: Хүүхдийн цэцэрлэг, сургуулиас айх айдсыг арилгах хэд хэдэн арга бий
“Good neighbors” олон улсын төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Г.Хулантай: Сургуульд орохоор даалгавар хийх хэрэгтэй болдог нь хүүхдэд ачаалал, бэрхшээл мэт санагдаж, шантрах үе ч гарна. Өмнө нь тоглонгоо суралцдаг байсан бол одоо сууж суралцах өөр шат руу шилжиж байгаа учраас удаан сууж, хүссэнээрээ хөдөлж болохгүй болж, даалгавар өгч эхэлдэг. Тиймээс сургуульд орохоос нь өмнө ширээний тоглоом ашиглан бага багаар удаан суулгаж сурган сонирхолтой аргаар гарыг нь зүгшрүүлэх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ ангийнх нь хүүхдүүдтэй харьцуулж, загнах нь нэмэгддэг. Хүүхдээ багаас нь хүнтэй харьцуулаад байхаар өсвөр насандаа өөртөө итгэх итгэлгүй болсон тохиолдол нийтлэг ажиглагддаг. Тиймээс даалгавар гэдэг бол чиний хариуцлага, өөрийнхөө төлөө хийж буй зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн аав, ээжүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа багшдаа загнуулсан уу, хүүхэд зодсон уу, хоол өгсөн үү гэж асуудаг. Энэ нь хүүхдэд аюултай, сөрөг холбоог бий болгодог юм. Тиймээс хүүхдээ авахдаа юу сурсан бэ, түүнийгээ ээж, аавдаа зааж өгөх үү гэж асуувал сургууль, цэцэрлэг гэдэг бол мэдлэг олж авдаг, суралцдаг, өөрийгөө хөгжүүлдэг газар гэсэн ойлголт бий болгоно. Мөн эцэг, эхчүүд дүн дээр маш их ач холбогдол өгдөг. Тэгээд хэдэн таван хошуу авсан. Тавыг авсан юм уу ямар мундаг юм бэ, сайн байна, чи хамгийн шилдэг нь зэрэг үг ашиглаад байхаар чадахгүй зүйл гарах үед мундаг гэдгээ харуулж чадахгүй болж, хэцүү зүйлээс зугтах хандлага ажиглагддаг. Үүнээс болж бусдын магтаалаас хамааралтай болчих талтай. Хэрэв чи хичээлээ сайн хийвэл улам илүү ухаантай болж чадна гэх зэргээр хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй. Мөн Хүүхэд сургууль, цэцэрлэгт яваад эхлэхээр ааш зан өөрчлөгдөх хандлага гарах үед энээс сураад байгаа юм гэдэг. Гэвч хүүхэд цэцэрлэг дээрээ өөрийнхөөрөө байж, дасан зохицож чадахгүй байгаагаас болоод стресст ордог юм. Ер нь шинэ орчинд дасан зохицох нь стресс бий болгодог юм. Шинэ орчинд хэцүү байгаа учраас гэртээ ирээд өөрийнхөөрөө байж, хүссэн зан авираа гаргадаг. Тиймээс эцэг, эхчүүд тоглоомоор дамжуулж, баримлын шавар, элс, усаар тоглож, ямар нэг юм цохиулж стрессийг нь тайлах хэрэгтэй.
Н.Ариун-Эрдэнэ: Сургуульд орж буй хүүхэдтэйгээ зөв харьцах хэрэгтэй
Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ: Сургуульд орж буй хүүхдээ бусадтай хүүхэдтэй харьцуулдаггүй байх. Аав ээжүүд хүүхдээ ахтай нь, эгчтэй нь, найзтай нь, ангийнхантай нь найзынхаа хүүхэдтэй харьцуулдаг. Ингэж харьцуулдаг бол та хүүхэдтэйгээ улам л ойлголцож чадахгүй. Хүүхдийнхээ байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөөрэй. Хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Таниас л төрсөн хүүхэд шүү дээ. Намхан ч бай, өндөр ч бай таны хайраас л төрсөн. Байгаагаар нь хүлээн авдаг бол хүүхэд сэтгэл тэнэгэр, уужуу ухаантай явдаг. Хүүхэд хайрлуулж байгаагаа мэдэрч байх нь чухал. Аав ээжүүд хайр нь гаднаа хал нь дотроо гэж ханддаг. Хайртайгаа хэлэх, мэдрүүлэх, тэврэх нь олон талын эерэг нөлөөтэй. Мөн хүүхдийн эд хэрэглэлийг хэрэглэж, ашиглаж гэж байгаа бол зөвшөөрөл авах, нууцыг нь хадгалах, хүүхэд аав, ээждээ өөрт тулгарч байгаа асуудлаа ярьдаг боловч, нууцыг огт хадгалж чадахгүй хэн нэгэнд хэлж байгааг мэдсэн хүүхэд дахиж нууцаа ярьдаггүй. Мөн хүүхдийнхээ өмнөөс битгий шийдвэр гаргаарай. Зүгээр л саналаа хэлэхэд болно. Мэргэжил сонголт, хувцас сонгох зэргээр өөрөөр нь шийд гаргуулаарай. Түүнчлэн ихэнх аав ээжүүд хүүхдээ алдаа гаргахыг нь байж боломгүй зүйл гэж үздэг. Алдаа гаргахаас хэт сэрэмжлүүлэх тусам хүүхэд харин ч алддаг. Гэр орон амар тайван нөхцөлд хүүхэд эерэг байдаг. Тиймээс та хүүхдэдээ, гэр бүлдээ тухтай орчныг бүрдүүлээрэй. Мөн аав, ээж өөрөөрөө хүүхдээ дүгнэдэг. Би хурдан шалмаг байхад манай хүүхэд залхуу гэдэг. Хүүхдийн темперамент аав ээжийнхээс өөр бол та яагаад ч хүүхдээ хурдан шаламгай болгох боломж байхгүй. Учир нь эхээс төрөхдөө л удаан, тайван хүүхэд гэсэн үг юм. Хэрэв энэ талаар танд ойлголт бага байдаг бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.