Та хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилгах, уншуулж, бичүүлж, тоо бодуулж сургах, нэмэлт хичээл гүнзгийрүүлэн сургах зэрэг зорилгоор цагийн багш авах гэж байгаа бол танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Таны хүүхдэд хичээл заах гэж буй тухайн багш хэн байх вэ? Та багшийн мэргэжлийн үнэмлэхтэй хүн хайж байна уу? эсвэл тухайн хичээлийг заах чадвартай оюутан, багш мэргэжлийн хүн биш байсан ч болох уу? гэдгийг анхаараарай. Тэгээд өөрийн шаардлагад нийцсэн хүнийг хайгаарай.
2. Тухайн хичээлийг заах гэж буй цагийн багш тухайн хичээлийг хангалттай сайн хэмжээнд зааж чадах мэдлэг чадвартай эсэхийг нягтлаарай. Диплом, дүн, сертификат, батламж зэргийг шалгах эсхүл бяцхан шалгалт ч явуулж болно.
3. Баталгаа. Цагийн багш танд юуг амалж чадах вэ? Хүүхдийн хичээл зүтгэл тодорхой хэмжээнд нөлөөлөх хэдий ч танаас төлбөр авч хичээл зааж байгаа учраас танд ахиц дэвшил харуулах хэрэгтэй.
4. Харилцаа мөн чухал. Хүүхэд тань багшаасаа хичээл сурахын зэрэгцээ мөн харилцаа, хандлагыг нь ч бас дуурайдаг. Тиймээс хүүхэдтэй тань зөв боловсон харилцах харилцааны соёлтой хүн байх шаардлагатай.
5. Дадал зуршил. Харилцааны соёлтой адил. Буруу, муу зуршилгүй, хүүхдэд тань зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй. Жишээ нь: цаг баримталдаг, хариуцлагатай байх гэх мэт
6. Эрүүл мэнд. Цагийн багш ямар нэгэн халдварт өвчингүй байх ёстой. Нэн ялангуяа амьсгалын замын халдварт өвчин болон, харшлын гаралтай халдварт өвчингүй байх