Шинэ жилийн тухай шүлэг

Шинэ жилийн дуу, шүлэг, үг

Хүүхэд багачууддаа зориулан Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Энхмаа, арга зүйч М.Ариунжаргал нарын бэлтгэн ирүүлсэн шинэ жилтэй холбогдох дуу, шүлэг, өвгөн аав, амьтдын үгийг нийтэллээ.

Ая: Г.Энхбаяр       Үг: Ч.Гомбо

 

              Зулзаган ногоон гацуурхан

Зулзаган  ногоон гацуурхан

Зундаа  өвөлдөө  ногоорно

Хөл  ихтэй  хотод  минь

Хүчилтөрөгч  бэлэглэнэ

Гацуурхан гацуурхан гацуурхан

Ганган ногоон гацуурхан

Гацуурхан гацуурхан гацуурхан

Ганган ногоон гацуурхан

Цэл  ногоон гацуурхан

Зундаа  өвөлдөө  ногоорно

Цэнгэлтэй  энэ хотод минь

Цэвэр  агаар бэлэглэнэ

Гацуурхан гацуурхан гацуурхан

Ганган ногоон гацуурхан

Гацуурхан гацуурхан гацуурхан

Ганган ногоон гацуурхан

 

М.Чимэд

 

Сүлд мод

Өнгөт мөчрөө дэлгэсэн

Өндөр сайхан гацуурын

Мөчир салаа бүрд

Мөнгөн чимэг гялалзана

Хүйтний өвгөн ирж

Хүүхэд багачуудтай мэндлэн

Хуучин оноо үдэж

Шинэ жилийг авчирлаа

Онцгой гоёор чимсэн

Ойн ногоон гацуураа

Олон бүгд тойрч

Онц сайхнаар бүжиглэнэ

 

Өвлийн өвгөн аавын үг

Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний их орноос

Цан хүүрэн татуулан

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй модноос дээгүүр

Цалин цагаан морио унаад

Цасан охидоо дагуулан бүжсээр

Цадиг түүхийн алтан өлгий болсон

Амжилт бүтээлийн эзэд

Алдар гавьяаны ирээдүй

Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад

Урамтай байна, баяртай байна

Д.Содномдорж

 

Сүлд модоо тойроод

Өндөр ногоон гацуур маань

Танхим дунд сүндэрлэж байна

Өнгөтэй сайхан чимэглэл

Тал бүрд нь гялалзаж байна

Сагсгар сүүлтэй хэрэм

Соотон чихтэй чоно

Ойн хүчит баавгай

Ов зальтай үнэг

Баг  хувцасаа  өмсөөд

Баясгалантай тоглож  байна

Бавгар сахалтай  өвлийн өвгөн

Багачуудыг хараад баясаж байна

Дэгдэн  гүйдэг  янзага

Дэлдэн  чихтэй  туулай

Үсэрч дүүлдэг муур

Үндэс хадардаг гахай

Сүлд модоо тойроод цөм

Сүртэй сайхан наадаж байна

Багш минь бүгдийг хараад

Баярлаж  инээгээд  зогсож  байна

 

Шинэ оны сүлд модны наадамд

 

Өвгөн аавын үг

Цалин мөнгөн сахалтай

Цал буурал аав нь

Цас мөсөн ордноосоо

Сав саяхан ирлээ

Ариун цэнхэр тэнгэрийнхээ хэсгээс

Алд цэнхэр хадаг болгож

Алдрайхан та нартаа өргөн барьж

Ариун энхийн ерөөл дэвшүүлье

Бөмбөрцөг дэлхийн хүүхдүүд

Бүгдээрээ миний хүүхдүүд

Энэ дэлхийн хүүхэд бүхэн

Эрх тэгш амьдрах ёстой.

 

Оны үг

 

Хуучин он:

Нар сарны чанадаас энэ л дэлхий рүү яарсан

Шинэ найз он минь сайн явж ирэв үү

Шинэ он:

Сайн явж ирлээ

Сааршгүй бүтээлээр дүүрэн хуучин он минь

Сайн сууж байв уу

Хуучин он:

Нэгэн шинэ жилийн өмнө шинэ он байсансан

Нэхэн дурсахад өнөөдөр туйлын сайхан байна

Үйл явдлаар дүүрэн өдөр хоногууд улирч

Үнэний түүхийн хорвоогоос үдүүлэх цаг маань ирлээ

Идэр жаахан шинэ он минь намайг дурсаж яваарай

Шинэ зуундаа ихийг бүтээж намтар түүхээ мөнхлөөрэй

Шинэ он:

Арайхан ороогүй ардын сургууль өмнө минь байна

Амжиж зураагүй уран зураг өмнө минь байна

Танилцаагүй л яваа дотны найз өмнө минь байна

Ерөөлийн тань хариуд ерөөл өргөж хуучин он минь

Ертөнц дээр алдраа үлдээнээ шинэ он чинь

 

Амьтдын үг

 

Баавгай:

Баавгай зурах дуртай авъяаслаг хүүхдүүд минь

Бас чихэрт дуртай авхаалжтай хүүхдүүд минь

Шигтгээ чимгээр гялалзсан хөөрхөн та нартаа

Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье

 

Туулай:

Уудам тасалгаанд гайхамшигт сайхан гацуур байна

Улаан лууван чихэр жимс бүгд байна

Бүжин туулай надад айх аюул ч алга байна

Бүжиг наадмын танхимд уянгат аялгуу эгшиглэж байна.

 

Чоно:

Ойн дээрэмчин зартай олон үеийг өнгөрөөсөн ч

Олдсон тохиолдсоноо би ховдоглон иддэг ч

Жилдээ нэгл өдөр мах огт амсдаггүй

Чихэр бурам бялууг энэ л өдөр иддэг юм

 

С.Маршак

Гацуурын дуу

Гацуур модны мөчирт

Гайгүй ургах нь юу вэ?

Хатгуур хурц өргөс

Хав хар боргоцой.

Элдэв өнгийн бөмбөлөг

Эрээлж тэнд ургахгүй

Алтан цаас самар

Алаглан тэнд ургахгүй

Амтат боов бялуу

Аяндаа тэнд ургахгүй

Алив олон далбаа

Аандаа бас ургахгүй

Сар шинийн баяр

Сайхан ингэж морилоход

Саруул баяртай хүүхдүүд

Саатан наадан цэнгэхэд

Өнөөдөр далбаа, бөмбөлөг

Өнгө  алаглан ургажээ.

Зол жаргалт багачуудын

Зочин болж  заларчээ.

Өнөр манай орны

Өргөн уудам нутгийн

Өнцөг булан бүхэнд

Өвч дэлгэр газарт

Хөдөө хотгүй цөм

Хөгжин баясан наадахад

Гацуурын гэрэл тоогүй

Газар сайгүй түгжээ.

Д.Даваасүрэн

             Ногоон мод

Ногоон мод минь сайхан даа

Сүлд мод минь сүртэй дээ

Хүүхдүүд цөмөөрөө баяртай даа

Шинэ жил минь гоёхон доо

Шилдэг баяр минь бахтай даа

Бүжин туулай минь хөөрхөн дөө

Борхон баавгай минь хүчирхэг дээ

Хөгжилтэй бүжгээ хийцгээе дээ

Хөөрхөн дуугаа дуулцгаая даа

Айлчин онтойгоо золгоцгооё  доо

Амжилт  бүтээлээ  бэлгэлцгээе  дээ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал