Эмэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн

  1.  I алхам: Цэвэрлэгээ
    Тосон цэвэрлэгч (Cleansing oil)
    Зузаан будалт хийдэг хүмүүст, мөн тоник нэг их хэрэглэдэггүй хүмүүст зориулан тосон цэвэрлэгчийг зохион бүтээжээ. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол хамгийн сайн цэвэрлэгээний 4:2:4-ийн зарчмыг сайн тогтоогоод аваарай. Гаднаас орж ирээд хамгийн эхэлж 4 минут тосон цэвэрлэгчээр угаагаад, дараа нь 2 минут хөөсөн цэвэрлэгч хэрэглэж, хамгийн сүүлд 4 минут усаар зайлах хэрэгтэй.
  2. Хөөсөн цэвэрлэгч (Cleansing foam)
    Хөөсөн цэвэрлэгч нь арьсны гадар хэсгийн тос болон бохирдлыг маш сайн цэвэрлэдэг. Нэг сул тал нь бага зэрэг хуурайшуулах хандлагатай. Тиймээс тослог, батгатай арьстай хүмүүст хөөсөн цэвэрлэгч их таалагддаг. Холимог арьстай хүмүүст зөөлөн, органик найрлагатай хөөсөн цэвэрлэгч хамгийн ихээр тохирно.
  3. Гелэн цэвэрлэгч (Cleansing gel)
    Усан гелэн цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд тэр дундаа 25-аас дээш насныханд таалагдана. Хуурайшуулахгүйгээр чийгшил өгөх давуу талтай.
  4. Сүүн шингэн (Cleansing milk)
    Цэвэрлэгч хэрэглэхээр л хуурайших гээд байдаг эмзэг, хуурай арьсанд чинь харин сүүн шингэн тохирно. Учир нь сүүн шингэний зөөлөн бүтэц нь арьсыг тайвшруулахын хажуугаар гаднах чийгийг нь огтхон ч арилгадаггүй.
  5. II алхам: Арчилгаа
    Тоник (Toner/Skin softener)
    Гурван янзаар хаяглагддаг боловч тоник бүхэн нэг үйлчилгээтэй. Тэр нь нүүр угаасны дараах үлдэгдэл будаг, саванг өөртөө шингээж бүрэн цэвэрлэхийн хажуугаар арьсыг зөөлөн чийглэг болгон нүхийг агшаадаг. Хэдийгээр цэвэрлэгч савангаар нүүрний бохирдлын ихэнх нь арилдаг ч 30 орчим хувь нь арьсны гүнд үлдсэн байдаг.
    Хэн, яаж хэрэглэх вэ?
    Тоникийг бүх төрлийн арьстай хүн хэрэглэж болно. Тэр дундаа тослог, холимог арьстай бүсгүйчүүд заавал хэрэглэх шаардлагатай. Батга гардаг, асуудалтай арьсанд салицилийн хүчил болон спиртийн найрлагатай, хатааж, тослог тэнцвэржүүлдэг тоник тохирно. Харин хуурай, эмзэг арьстай хүмүүст сарнай, өргөст хэмх, лаванда зэрэг органик найрлагатай, чийгшүүлэгчтэй тоник хэрэглээрэй. Тоник нь хөвөнд шингээж арчдаг, шууд нүүр лүү цацдаг (mist) гэсэн хоёр төрлийн хэлбэр, савлагаатай байдаг. Алийг нь ч авсан, хэрэглэснийхээ дараа серум, тос, маск түрхэхээсээ өмнө нэгээс хоёр минут байлгаж шингээгээрэй. *Хэрвээ чи Японы гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай бол тэндхийн үйлдвэрлэгчид тоникоо lotion буюу лосьон гэж нэрлэдэг гэдгийг санаарай. Мөн Солонгосын “Toner” гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд арчих цэвэрлэхээс илүүтэй түрхэж, чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Учир нь Солонгосчууд ихэвчлэн тосон, хөөсөн гэсэн хоёр дамжлагатайгаар нүүрээ сайн цэвэрлэж заншсан байдаг.
  6. Ийлдэс (Essence/Serum/Ampoule)
    Essence, serum хоёрыг хоёуланг нь тодорхой үйлчилгээ бүхий идэвхтэй найрлагын концентрацтай, тунгалагдуу сүүн өнгөтэй, үл ялиг наалдамхай бүтэцтэй шингэн гэж ойлгож болно. Зарим компани ийм төрлийн бүтээгдэхүүнээ essence, зарим нь serum гэж нэрлэдгээс л болж бидний толгой эргэдэг юм шүү дээ. Гэхдээ essence нь илүү шингэн, хөнгөн байх нь бий. Харин ийлдсийн хамгийн хүнд бүтэцтэйг нь ampoule гэж нэрлэдэг. “Тодорхой үйлчилгээ бүхий идэвхтэй найрлагын концентрац” гэж дээр онцолсны учир нь ямар ч ийлдэс цайруулах, хөгшрөлтийн эсрэг, чангаруулах гэх мэт арьсны яг нэг асуудал руу ганцаарчлан “онилсон” байдаг юм. Тосноос илүү үнэтэй байдгийн учир нь ийлдэс дэх идэвхтэй молекулын тун нь өндөр, хэмжээ нь жижиг байдаг тул өгөх үр дүн нь илүү байдаг. Гэхдээ ийлдсийн хийж чадахгүй ганц зүйл бол “чийгшүүлэх”.
    Хэн, яаж хэрэглэх вэ?
    Ийлдсийг тодорхой нэг асуудалдаа санаа тавихыг хүссэн хэн ч хэрэглэж болно. Гэхдээ худалдан авалт хийхийн өмнө эхлээд өөрийнхөө арьсны төрлийг, хүссэн үр дүндээ хүрэхэд юу дутагдаж байгаагаа мэддэг байх ёстой. Жишээ нь, хөгшрөлтөөс сэргийлэхийг хүсч байвал антиоксиданттай, залуужихыг хүсч байвал ретинолтой, арьсандаа тэжээл өгөхийг хүсвэл хиалуронийн хүчилтэйг авах хэрэгтэй. Нүүрээ угааж, тоникоор арчсаныхаа дараа чиний арьсныхаа төлөө хийх ёстой 3 дах алхам бол ийлдэс түрхэх юм. Хэрэв чи хуурай арьстай бол тоникоо бүрэн хатахаас нь өмнө ийлдсээ түрхээрэй. Нүүр, хүзүүний арьсыг чинь арчлахад дуслын төдий ийлдэс л нэг удаадаа хэрэгтэй. Гар дээрээ авч бүх хэсгээр тарааж түрхээд 3-5 минут болгож байж дараагийн алхам руу шилжээрэй. Араас нь шууд тос түрхвэл ийлдсийн үйлчилгээ багасдаг. Мөн оройн цагаар түрхвэл илүү үр дүнтэй, учир нь хэт ягаан туяа, хүчилтөрөгч нь ийлддсийг ууршихад нөлөөлдөг байна.
  7. Чийгшүүлэгч (Gels/ Emulsion/Lotion/Moisturizer/ Creams)
    Ямар ч арьстай хүн ямар нэг төрлийн чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Учир нь бүх арьс чийгшлээс тодорхой хэмжээний сайн үр нөлөөг хүртдэг. Тослог арьсыг ч зөв чийгшүүлэх юм бол тослогжилт багасдаг давуу талтай. Маш олон төрлийн чийгшүүлэгч байдаг ч тэдний бүгдийнх нь зорилго бол ус, тос, чийгийн тэнцвэрт байдлыг арьсанд олгох юм.
    Хэн, яаж хэрэглэх вэ?
    Хамгийн хөнгөн төрлийн чийгшүүлэгчийн төрөл бол гел юм. Бүрэн тослог арьстай хүмүүст гелэн чийгшүүлэгч яг тохирдог.
    Харин түүний дараа эмульс орно. Эмульсийг нимгэн, эмзэг, тослогдуу арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Учир нь эмульс нь усан суурьтай учраас огт харшилж, арьсны нүх бөглөдөггүй шингэвтэр бүтэцтэй. Зарим нэр төрлийн эмульсийг эссенцийн өмнө хэрэглэх хэрэгтэй байдаг ч, ихэвчлэн эссенцийг түрүүнд нь түрхэх заавартай байдаг.
    Харин хэвийн арьстай, үл ялиг хуурайших хандлагатай хүмүүс эмульсээс арай өтгөвтөр бүтэцтэй лосьоныг, бүрэн хуурай арьстай хүмүүс тосыг байнга хэрэглэх хэрэгтэй.
    Холимог арьстай бол тослог хэсэгтээ эмульс, хуурай хэсэгтээ тос түрхэж болно. Эмзэг арьстай хүмүүс тос түрхвэл нүхийг бөглөж, батга гарч мэднэ. Тиймээс арчилгааны энэ шатыг зөв хийхийн тулд арьсныхаа төрлийг маш сайн мэддэг байх шаардлагатай юм шүү.
    Тоникоор арчиж, ийлдсээ түрхсэнийхээ дараа хэсэг хугацаанд хүлээж байгаад чийгшүүлэгчээ түрхэнэ. Чийгшүүлэгчийн дараа гадагшаа гарах бол кремээ шууд түрхэж болно.
  8. III Алхам: Нэмэлт арчилгаа
    Нэмэлт арчилгаанд маск, нарны хамгаалалтын тос, гуужуулагч, батганы тос, нүдний тос, “peel” зэрэг орно. Эдгээрээс биднийг хамгийн их эргэлзүүлдэг бүтээгдэхүүнийх нь тухай хүргэе.
    Гэрийн пилинг-(Peel)
    Сүүлийн үед эрэлттэй болоод байгаа салоны “пилинг”-тэй ижил үйлчилгээтэй, гэхдээ гэрийн нөхцөлд ч хэрэглэхэд аюулгүй алфа хүчлүүдийг (lactic, glycolic г.м) агуулсан бүтээгдэхүүнүүд шошгон дээрээ “peel” гэсэн бичиг, нэршилтэй байдаг. Энэ нь арьсны өнгөн гадаргуун дээрх үхэжсэн хэсгүүдийг гуужуулж эрүүл, цайвар эсүүдийг ил гаргадаг юм. Хэрэглэсний дараа хацар жаахан охиных шиг туяарч, ягаарах болно. Мөн арьсны нөсөө толбо болон нимгэн үрчлээнүүдийг бүдэгсгэдэг давуу талтай.
    Хэн, яаж хэрэглэх вэ?
    Үл ялиг хуурайгаас тослог хүртэлх бүх арьстай хүн хэрэглэж болно. Хэт хуурай арьстай хүмүүс гоо сайханчтай зөвлөлдөх хэрэгтэй шүү. Peel-ийг хэрэглэхдээ эхлээд нүүрээ цэвэрлэж, алчуураар дарж арчаад, хуурай, цэвэр арьсан дээр түрхэж заасан хугацаанд байлгана. Жаахан хорсож, загатнаж болно. Дараа нь түүнтэй дагалдаж ирдэг саармагжуулагч бодисыг (neutralizing solution) түрхэж гуужуулалтыг зогсоогоод чийгшүүлэгч тос түрхэж тайвшруулна. Peel хэрэглэдэг бол нарны тос үргэлж хэрэглэх нь чухал. Учир нь хэд хоногтоо арьс тун эмзэг байдаг. Мөн найрлаган дээрээ хүчлүүдийг гурав дугаарт бичсэн байвал, эсвэл 5-8 хувь гэсэн байвал боломжийнд тооцдог. Гэхдээ ийм төрлийн бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэж болохгүй.
  9.  Base буюу СУУРЬ гэж юу вэ?
    Энэ бол нүүр будалтын үндсэн суурь.
    ҮҮРЭГ №1: Крем, Пудр, болон нүүрэн түрхэгдэх бүх төрлийн будагнаас арьсыг ХАМГААЛАХ
    ҮҮРЭГ №2: Арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт ҮҮСГЭХ
    ҮҮРЭГ №3: Крем болон Foundation.ы арьсанд наалдах шингэх чадварыг НЭМЭГДҮҮЛЭХ
    ҮҮРЭГ №4: Будалтын тогтоцыг САЙЖРУУЛАХ гэсэн үндсэн 4н үүрэгтэй
    Хэрвээ та BB болон CC крем түрхдэг бол Base түрхэх шаардлагагүй. Учир нь энэ 2 крем нь өөртөө Base болон чийгшүүлэгчийг агуулж байдаг. Харин Foundation түрхдэг бол зайлшгүй Base түрхэх шаардлагатай. Мөн Base нь үйлдвэрлэж байгаа компаниасаа шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг ч үндсэн 6н өнгө бий
    1. Цайвар ногоон Вase: Нимгэн арьстай, хацрын улайлттай, батга болон бусад шалтгаанаар улайлт үүссэн арьсанд хэрэгдэнэ.
    2. Бүдэг ягаан Вase: Өнгөө алдаж цонхийсон арьсанд хэрэглэснээр арьсыг өнгөлөг амьд харагдуулдаг.
    3. Шар Вase: Харлаж өнгөө алдсан арьсыг шаргал туяатай харагдуулна.
    4. Улбар шар Вase: Наранд борлуулсан эрүүл арьстай мэт харагдуулна.
    5. Чернэлийн ягаан Вase: Бор шаргал арьстай хүмүүст зориулагдсан. Ази хүмүүст хамгийн их тохирдог Base
    6. Цагаан Вase: Хар болон цагаан батга ихтэй асуудалтай арьсанд хэрэглэдэг бөгөөд мөн бараан царайг цайруулж харагдуулдахаар тус тус зориулагдсан байдаг
  10. Primer гэж юу вэ?
    Үндсэн үүргээрээ Base.тэй ижилхэн боловч нүүрэнд тань жижиг үрчлээ үүссэн, нүхжилт ихтэй бол Primer-ийг сонгож хэрэглээрэй. Primer нь арьсны нүх сүв рүү орон дүүргэж бөглөж өгдөг бөгөөд крем пудр нүх зураас руу орохгүй гоё толигор жигд гадаргуутай болгодог. Primer хэрэглэсний дараа түрхсэн крем маш гоё жигд шингэж өгдөг. Нүх сүврүү орохгүй учраас нүхжилт бий болгодог бас нэг хүчин зүйлээс хамгаалагдаж байна гэсэн үг. Primer нь ихэвчлэн цагаан, бүдэг ягаан өнгөтэй байдаг ба тухайн компанийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж өөр өнгөтэй байж болно
  11. Foundation гэж юу вэ?
    Бараг л крем гэсэн үг. Монгол нэршил байдаггүй. Нүүрний бүх хэсэгтээ түрхдэггүй хамрын улаан, нүдний доод талын хар толботой гэх мэт асуудалтай газраа түрхэнэ. Гэхдээ Foundation- г өө дарагч буюу Consealer- н оронд түрхэж болохгүй.
  12. Consealer гэж юу вэ?
    Энэ бол нүүр будалтын салшгүй нэг хэсэг буюу өө дарагч. Concealer нь бүх төрлийн крем болон foundation-ы 1000 давхарлаад ч далдалж чадахгүй тэр өөг маш сайн дарахад тусалдаг.
  13. BB крем гэж юу вэ?
    BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил гэнэ. Германаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. BB кремийн онцлог нь Foundation-оос илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.
    ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэгээрээ савтай Фотошоп хэмээн нэрлэгдэх нь олонтаа. Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2 – 4 байдаг, цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “ Япон систем ”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.
  14. СС крем гэж юу вэ?
    СС крем гэдэг нь “Color control cream” гэсэн үгний товчлол бөгөөд BB кремний бүх давуу талыг агуулсан мөртлөө арьсны өө сэвийг далдлах чанараараа хавьгүй илүү бөгөөд, тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Мөн арьсны жигд бус өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдэгрүүлж харагдуулдаг.
  15. MIST гэж юу вэ?
    Энэ бол ТОНИКын нэг төрөл бөгөөд хөвөнд шингээж арчдаггүй шууд нүүр лүүгээ цацдагыг нь МИСТ гэж нэрлэдэг. Монголчууд маань харин пудр шингээгч гээд нэрлээд сурчихсан. Уг нь бол цацдаг тоник юм шүү дээ. Будахаасаа өмнө болон будсаныхаа дараа цацдаг.

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал