ЭЭЖ МИНЬ
Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Эвлэсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурхнаас илүү
Халуун хэвлийнд тань амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй юм
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очно
Өдийн том болчхоод байхад
Өхөөрдөж ирээд л үнсдэг юм
Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч
Өвөр дээр нь эрхэлмээр болох юм
ЭЭЖ
Нулимсаа хүртэл биднээс нууж яваа ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай
ЭЭЖ ТАНЬДАА ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ
Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Ивлэсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурхнаас ч илүү
Халуун хэвлийд чинь амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй ээ
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очно
Та минь эрүүл энх урт удаан наслаарай
Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ Уулын чулууг
Ус руу шидлээ
Ус чулуудаа тэврээд бүүвэйлэхэд
Ижийгээ саналаа…
Илдийн хугархай шиг
Оргилын тэр чулууг
Эрхиний шүр шиг болоход
Ижийгээ би олно…
Ц.Хулан: Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хэчнээн мэргэжил сольдог юм бэ
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хүртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юм уу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла