Агаарын бохирдол гэж хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандлын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна. Агаар дахь хорт хий ихсэх нь хүний эрүүл мэндэд дам төдийгүй шууд нөлөөлдөг явдал цөөнгүй. Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин Монгол улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийг агаарыг бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна.
Улаанбаатар хотын хувьд утааны үзүүлэлтээр хамгийн өндөр байдаг газруудаар 100 айл, Толгойт, Нисэх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хороолол, 13 хороолол орчмын орон сууцны хороолол, Баруун 4 зам, Амгалан орчмын автозам, Цахилгаан станц болон Ургах наран зэрэг үйлдвэрийн болон алслагдмал бүсүүд багтсан байна. Агаар бохирдуулж буй бодисууд PM10 тоосонцор, PM2.5 тоосонцор, Хүхрийн давхар исэл, Азотын давхар исэл багтаж байна.
Улаанбаатар хотод агаар бохирдол ихсэж буй нь өндөр уулсаар хүрээлүүлсэн хонхор газар байрлалтай, салхины хөдөлгөөн бага тогтуун, гэрийн болон нам даралтын зуух, автомашин зэрэг утааны нам дор эх үүсвэрүүдээс үүсэх бохирдлоос шалтгаалдаг байна.
– ХҮХРИЙН ДАВХАР ИСЭЛ
Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/ дутуу шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүхрийн давхар исэл нэмэгдсэн нь жил бүр 1200 сая хүнд нөлөөлж байна. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг ба өртсөн хүнд шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хүхрийн давхар ислийн сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог байна.
– АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ
Азотын давхар исэл нь авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг. Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Иймд азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
– PM10 буюу Том ширхэглэгт тоосонцор
10 микроноос бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэх ба агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг
– PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор
2.5 микроноос бага диаметр бүхий тоосонцор бөгөөд их хэмжээний хорт бодис агуулна. Агаарт удаан хугацаанд оршин тогтнож хол нүүдэллэдэг
Улаанбаатар хотод агаарын бохирдлын эсрэг хийгдсэн ажлуудаас:
– САЙЖРУУЛСАН ЗУУХ ХӨТӨЛБӨР
Сайжруулсан зуухнууд нь PM2.5-ын ялгарлыг 70-89%, нүүрсний хэрэглээг 11-26% бууруулж болохыг лабораторийн туршилт харуулж байлаа. Гэхдээ хөтөлбөрт хамрагдсан өрхүүд дээр хийсэн судалгаагаар чухам ямар сайжруулсан зуух хэрэглэж байгаа, гэр халааж байна уу эсвэл байшин уу, зөв ашиглаж, галлаж сурсан уу гэх зэрэг практик нөхцөл байдлаас шалтгаалж РМ2.5-ын ялгарал 30-83% буурч байжээ. Сайжруулсан зуухны хэрэглээг нэвтрүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнд Нийслэлийн хамгийн бохирдолтой байршлуудад агаарын бохирдол 30% буурч байгаа нь тогтоогдсон юм. Өнөөдөр УБ-ын гэр хорооллын өрхүүдийн 50% нь сайжруулсан зуух хэрэглэж үлдсэн хэсэг нь уламжлалт зуухаа галлан бохирдол ихтэй утаа гаргасаар байна. Төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн хугацаанд (2011-2014 онуудад) нийтдээ 170 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан боловч өнгөрсөн жилүүдэд Нийслэлд 50 мянган өрх шинээр нүүдэллэн ирсэн, өмнө нь хэрэглээнд очсон сайжруулсан зуухнууд элэгдэж эвдэрсэн,
эсвэл айл өрхүүд өөр тийш нүүсэн, зарим нь зуухаа бусдад зарж үрэгдүүлсэн гэх зэрэг янз бүрийн
шалтгаанаар гэр хорооллын өрхүүдийн тал хувь нь уламжлалт ердийн зуухаа хэрэглэсээр байна. Үүний дүнд агаарын бохирдол буурах биш нэмэгдэх болжээ. Энэ бол бодлого шийдвэрээ тууштай хэрэгжүүлэлгүй дутуу орхин зогсоосноор 90 гаруй хувьд хүрч байсан сайжруулсан зуухны хэрэглээ буурснаас шалтгаалж байгаа юм.
– САЙЖРУУЛСАН ТҮЛШ
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн нэг өвлийн сайжруулсан түлшний нийт хэрэглээ нь 600 мянган тонн байдаг. Утаагүй Улаанбаатар төслийн хүрээнд 2017 онд хот болон улсын төсвөөр нийтдээ 4 мянга орчим тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж түүнийгээ зорилтот бүлгийн өрхүүдэд олгожээ. Энэ нь Улаанбаатар хотын хувьд тун өчүүхэн, нэг хувьд нь ч хүрэхгүй үзүүлэлт юм. Ийм нөхцөлд сайжруулсан түлшний хэрэглээ агаарын бохирдлыг бууруулахад ямар хувь нэмэр оруулж байгааг тооцож тодорхойлох боломжгүй юм.
– АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Гадаад орчны агаар бохирдол ихтэй өдрүүдэд цэцэрлэгүүдийн дотоод орчны агаар дахь PM2.5 тоосны бохирдол хоногийн хүлцэх хэмжээнээс 1.9 дахин нэмэгддэг байна.
• 2016 онд “Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд нийслэлийн Агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах 51 цэцэрлэгт 1500 агаар цэвэршүүлэгч төхөөрөмж;
• 2017 онд Нийслэлээс 1250 агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гэр хорооллын бүсийн эмнэлэг,
цэцэрлэг, сургуульд суурьлуулсан.
Агаар цэвэршүүлэгчийн үр дүн
• Судалгаанаас үзэхэд HEPA агаар цэвэршүүлэгч нь дотоод орчны агаар дахь PM2.5 тоосны бохирдлыг дунджаар 3.2 дахин бууруулах боломжтой гэж үзжээ.
– ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
Гэр хорооллын дахин төлөâлөлт, орон сууцжуулах төсөл Орон сууцжуулах, үүний тулд гэр хорооллыг дахин төлөвлөх талаар ихээхэн ажил хийгдэж, улс, хот, хувийн хэвшлийхэн хамтран ажилласаар байгаа боловч өнөөдрийн байдлаар 220 мянга орчим өрхөөс 2 мянга хүрэхгүй нь газраа чөлөөлсөн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах зорилт нь их хүч,
хөрөнгө, цаг хугацаа төдийгүй талуудын харилцан ойлголцол, зөвшилцөл шаарддаг урт хугацааны зорилт боловч агаарын бохирдлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой хамгийн зөв арга зам юм.
– ДУЛААЛГА
Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 20 мянган айлын дулаалгын төсөл хэрэгжсэн. Үүнд: 20,7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга, 5,1 мянган гэрийн үүдний гонх хийгдсэн. /2011-2015/
“ДУЛААЛГЫН АЯН” УЛААНБААТАР ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ Улаанбаатар Цэвэр агаар төслийн дулаалгын аянд эхний байдлаар 200 айл туршилтын журмаар хамрагдсан бөгөөд зардлын 30 хувийг айл өрхүүд өөрсдөө гаргаж, үлдсэн 70 хувийг төслөөс санхүүжүүлжээ. Хөтөлбөрийг
цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Дээрх дулаалгын төсөлд хамрагдсан айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг 50 хувиар бууруулж чадсан.
Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн төрийн хийх ёстой ажил бус иргэн бүрийн оролцооноос хамааралтай зүйл юм