ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ТҮҮХ
Арванхоёрдугаар сар дөхөөд ирэхээр л өнөөх дотно танил мандариний үнэр бодогдож, өвлийн өвөө, цасан охин, гялалзан гялтганах сүлд мод, инээд хөөр цангинасан өдрүүд санаад тодхон үлддэг. Улирч байгаа хуучин ондоо хийж бүтээсэн ажил, амжилтаа дүгнэн цэгнэж, ажлын хамт олноороо, ах дүүсээрээ ар гэрийнхэнтэй, анд найзуудтайгаа шинэ жилийн баярыг өргөн дэлгэр, үр өгөөжтэй тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
Шинэ жилийн баяр бол хүүхэд бүхний хүсэн хүлээж, хуруу тоолж хүлээдэг баяр яах аргагүй мөн юм. Гэрээ сүлд модоор чимэглэж, саа, шаар, өнгөт чимэглэлээр гоёулахаас гадна улсын минь нийслэл ч төв талбайдаа өндөр гэгч гацуур мод засч баярын уур амьсгал оруулдаг уламжлал тогтоод удаж буй. Түүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хэвшлийнхэн гээд бүгд албан байгууллагынхаа гадаа үүдэнд болон дотроо гацуур мод зассан байдаг.
Жилээс жилд өргөн тэмдэглэж байгаа учир утгатай баяр гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Учир нь дахин ирэхгүй цаг тооны дурсамж болсон хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авч байгаагаараа ихээхэн онцлог байдаг юм.
Бүх зүйлийг шинээр, улам их амжилт бүтээлээр эхлэх урам зориг бие биедээ хайрлах, айл гэр бүлийн хойморт “айлсаж” баяр баясгалан бэлэглэдэг энэ баярын үүх түүх үүслийн тухайд сонирхуулъя.
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байсан байна. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 01-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр аж.
Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-нээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Харин Азид шинэ жилийн баяр хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.
Сүлд модны чимэглэл нь эхлээд христчүүдын бэлгэдэл байжээ. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж. Гэхдээ энэ бүхэн жинхэнээрээ лаагаа асаагаад хүнснийхээ зүйлсээр л чимдэг гэсэн үг.
Харин XVIII зуунаас л өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна. Тюрингийн Лауш хотод анхны бөмбөлгийг хийжээ. Тугалган цаасаар доторлосон шилэн бөмбөлөг хийж түүнээ гадуур нь гялтгануураар чимж. Аажмаар шилэн урлал хөгжиж зөвхөн бөмбөлөг ч биш, төрөл бүрийн дүрс хийж эхэлсэн байна.
ХХ зууны эх дөхөөд ирэхэд шинэ жилийн сүлд модны чимэглэл өнөөгийн төрхөндөө орж янз бүрийн хэлбэр дүрс, бас утга агуулгатай болж ирж. Ингээд л христийн баярын барааг сурталчилж, төрөлжсөн зах хүртэл гардаг болсон байна.
Монголчууд орос “ах” нараасаа их олон юмыг уламжлан авч үлдсэн. Тэгвэл шинэ он солигдох энэ баярыг ч мөн Оросуудын уламжлалын дагуу хийж сурчээ. Оросууд шинэ жилийг гэр бүлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мөчид оргилуун дарс буудуулан, хундага тулган халуун дулаан үг бие биедээ харамгүй хэлж угтдаг.
Мөн улсын Ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин он, нийгэм, улс төрийн амжилт бүтээлийг дүгнэн, сайн сайхныг ерөөж мэндчилгээ дэвшүүлдэг билээ. Монголчууд яг энэ жишгээр шинэ жилээ тэмдэглэж, шинэ оноо угтаж ирсэн түүхтэй юм.