Шинэ жилийн баярын багц хөтөлбөр 30 сая төгрөгийн ханштай байна (2021 оны 12 сарын 13)
ДУУЧИД ШИНЭ ЖИЛЭЭР ХАМГИЙН БАГАДАА 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ДУУЛДАГ
Дуунд хайртай, дуучин ард түмэн ямар ч найр наадам, баяр ёслолыг дуугүй өнгөрүүлдэггүй. Уламжлал ч гэх үү, ёс ч гэх үү, тэр л заншлаар өнөөдрийг хүртэлх баяр наадам, ёслолыг дуу хуур арвинтайгаар өнгөрүүлдэг билээ. Шинэ жилийн баяр ёслолын үеэр ч хэчнээн төгрөг зарцуулаад ч хамаагүй дуучдыг хөлслөн дуулуулдаг. Тэгвэл энэ удаагийн шинэ жилийн баяраар дуучид хэдэн төгрөгөөр дуулж буй талаар судлан хүргэж байна. Дуучдын үнийн дүн харилцан адилгүй байгаа хэдий ч дундаж үнэ ханшаар тооцсон юм. Тухайлбал, B продакшн сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээлчдийг олноор нь төрүүлж байгаа билээ. Тус продакшны хувьд таван дуучин 10-15 дуу дуулахад таван сая төгрөгийн ханштай байгаа талаар хуваалцлаа.
Уран бүтээлчдийг нь дурдвал залуу артист Нэнэ, Алунгоо, Анужин, Крис болон NS хамтлагтай хамтран ажиллах боломжтой ажээ. Харин ковер дуучдын хувьд 2-3 дууг дуулахад 200 мянган төгрөгөөс эхэлдэг байна. Залуу уран бүтээлчдийн үнэ ханш ийм байгаа ч дуучид өөрсдийн үнэлэмжээр үнэ ханшаа тогтоох нь бий. Урлагийн салбарт олон жил дуулсан дуучид шинэ жилийн үеэр хамгийн багадаа 800 мянган төгрөгөөр дуулдаг аж. Одоогоор мэдэгдэж буй хамгийн дээд ханш нь гурван сая төгрөг ажээ. Нэг ёсондоо баяр ёслолынхоо үеэр дуучдаар дуулуулахыг хүсвэл дунджаар 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөг зарцуулах юм байна.
БҮЖГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН ҮНЭ 200 МЯНГААС 1.2 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД ХЭЛБЭЛЗЭЖ БАЙВ
Зөвхөн дуу гэлтгүйгээр бүжгийн үзүүлбэр баяр ёслолыг ихээхэн чимдэг. Тиймээс ч төрөл бүрийн бүжгийн үзүүлбэрийг шинэ жилийн баярын үдшээрээ ихэд таалдаг билээ. Манай улсын хувьд бүжгийн урлаг нь спорт болтлоо хөгжсөн. Үзэхийг хүссэн төрлийн бүжгээ баярын цэнгүүнээрээ харах боломжтой. Тухайлбал, гэдэсний бүжиг, баллет, гудамжны бүжиг, цэнгээнт бүжиг гэх мэтээр дурдаж болно. Тэгвэл сурвалжилгынхаа энэ хэсэгт бүжгийн үзүүлбэр ямар ханштай байгаа талаар судлан хүргэе. Ододтой бүжиглэе телевизийн шоунаас хойш цэнгээнт бүжиг буюу латин, америк бүжгийн төрлийг сонирхох болсон иргэд олширсон гэхэд буруудахгүй болов уу. Тиймээс ч цэнгээнт бүжгийн үзүүлбэр энэ жилийн баярын үдэш хамгийн эрэлттэй байгаа ажээ. Хосоор бүжиглэдэг энэхүү үзүүлбэр нь тооноос хамаарч үнэ нь харилцан адилгүй байдаг аж.
Тодруулбал, Хатан туул хамтлагийн хувьд нэг хосыг урин бүжиглүүлэхэд 300 мянган төгрөг төлөх хэрэгтэй юм байна. Харин найман хүний бүрэлдэхүүнтэй буюу дөрвөн хос бүжиглүүлэхэд 1.2 сая төгрөг зарцуулах ажээ. Гэдэсний бүжиг буюу Араб үндэстний бүжиг нь сүүлийн үед эрчийг авч байгаа билээ. Тэгвэл энэ төрлийн бүжигчид ч өөрсдийн үнэ ханшийг гаргасан байна. Гэдэсий бүжиг бүжиглэх цасан охидыг 200 мянган төгрөгөөр бүжиглүүлэх боломжтой аж. Ингэхдээ 2-5 цасан охин сонгодог юм байна. Харин мэргэжлийн ганц бүжигчнийг 600 мянган төгрөгөөр бүжиглүүлэх боломжтой бол лед гэрлэн далавчтай охидыг нэг сая төгрөгөөр бүжиглүүлдэг ажээ. Бүжгийн үзүүлбэр дундаа хамгийн бага өртөгтэй нь гудамжны бүжиг юм. Олон хүний хэлж дадсанаар чөлөөт бүжиг хэмээн нэрлэх нь ч бий. Тэгвэл энэ төрлийн бүжгийн үзүүлбэрийг 200-500 мянган төгрөгөөр үнэлдэг юм байна. Ингэхдээ хүний тооноос хамаарахаас гадна гудамжны бүжгийн доторх төрлийг хамаарч үнэ ханш тогтоодог ажээ.
БАЯРЫН БАГЦ ХӨТӨЛБӨРӨӨС БРЕНД БАГЦ ХАМГИЙН ҮНЭТЭЙ
Энтертайнмент салбарынхан шинэ жилийн үеэр багц үйл ажиллагаа санал болгодог билээ. Төрөл бүрийн уран бүтээлчдийг хамруулж, эхлэлээс төгсгөл хүртэлх бүхий л үйл ажиллагааг хариуцдаг юм. Тэгвэл шинэ жилийн багц хамгийн багадаа 800 мянган төгрөг гэж байгаа бол одоогоор мэдэгдэж буй хамгийн дээд үнэ 30 сая төгрөг ажээ. Шинэ жилийн багц хөтөлбөрийг тухайн энтертайнмент компани нь ондоо нэршлүүдээр нэрлэж, ангилан, ангилаас хамаарч харилцан адилгүй үнийн дүнг байрлуулдаг байна.
Жишээлбэл, Содон санаа продакшны хамгийн хямд багц 800 мянган төгрөг бол хамгийн үнэтэй нь 19.5 сая төгрөгийн үнэтэй байлаа. Хамгийн хямд баярын багц хөтөлбөрт эрэгтэй хөтлөгч, монгол өвлийн өвгөн, поп эстрад эрэгтэй дуучин, хөгжөөнт тоглоом болон оргилуун дарсыг буудуулах үеийг тооцдог байна. Харин хамгийн үнэтэй багцад хос хөтлөгч, опера дуучин, цэнгээнт бүжгийн хамтлаг, B продакшны артистууд, урлагийн төлөөлөл болсон дуучдаас хүссэнээ сонгох, монгол өвлийн өвгөн аав, цасан охидын хамт, хоёр удаагийн хөгжөөнт тоглоом, угтагчид, циркийн үзүүлбэр, зураг авалт, видео бичлэг, амьд хөгжмийн хамтлагууд, цэнгүүний хөтөлбөр найруулга зэргийг багтаажээ.
Хамгийн үнэтэй болох 30 сая төгрөгийн багцыг бренд багц хэмээн нэрлэдэг аж. Ингэхдээ бүхий л уран бүтээлчийг захиалагчийн хүсэлтээр бүрдүүлдэг юм байна. Багцуудыг энгийн, залуус, сонгодог, мөнгөн, алтан, тусгай зэргээс гадна дээд зэргийн, цагаан алтан, содон, содон-1, содон-2 гэх мэтчилэн нэрлэдэг ажээ.
Баярын багц хөтөлбөрт сүүлийн жилүүдэд карнивал болон циркийн үзүүлбэр ихээр нэмэгдэх болсон. Энэ төрлийн үзүүлбэр орсон багц үйлчлүүлэгчдийн дунд хамгийн алдартай байдаг аж. Цар тахлаас үүдэж урлагийн салбарынхан уналтад орсныг үгүйсгэх аргагүй. Зогсонги байдлаас гарахын тулд уран бүтээлчид ийн хамтардаг ажээ. Мөн 30-50, 50-100 хүний багтаамж бүхий ресторануудын захиалга 20-ноос хойш дүүрсэн байна. Цар тахлын улмаас нэг жилийг хөл хорионд өнгөрүүлсэн иргэд энэ удаагийн шинэ оны үдэшлэгээ өргөн дэлгэр тэмдэглэх төлөвтэй байгаа юм.