Монголчуудын төрт ёсны их баяр нь цагаан сар билээ. Хаврын тэргүүн сард шинэлэх болсон тухай сурвалж бичигт тодорхой гарахын дээр монголын эртний улс төрийн бодлогын их ухааны бичиг Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх» хийгээд бусад хууль цаазын бичигт бас бататган дурдсан байдаг. Мөн цагаан сарын баяр нь монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн үе цагтай ихээхэн холбоотой аж.
Хаврын урь орж,өлзий учралт барс сар гарах цагаар есөн хөлт цагаан тугаа тахиж их хуралдай хуралдах болсоноос нааш Монгол Улсын харъяат аймгуудын олон ван түшмэд хаврын тэргүүн сарын эхээр бэлэг хүргэн ирж шинийн ёсоор хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэсэн нь буй. Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх ,шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм. Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм.
Цагаан сарын их ёслолын нэг чухал зүйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бүхэл махаар дайлах ёсны тухай энд авч үзье.
Монголчуудын бү хэл махан зоогийг зум,их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж,хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой.
Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хvмvvстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зvvн гараа сvвэрдгэн талаас нь барьж, баруун гарараа уг талын талын намилхайг зүсэж баруун талд нь буулгаж тавина. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин эрэгтэй хүн зайдаг уламжлалтай.
Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч үед хvндэт зочныг дайлдаг хүндэтгэлийн зоог болно. Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй. Ерөөс ганц мах хүнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хөвиргыг зүсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нөгөө талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхvv тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулав. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.