Ажил хайгчдад зориулсан зөвлөгөө

Ажилд ороход тань хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

Ажил бол зөвхөн санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, мөнгө олох хэрэгсэл биш юм. Хүн амьдралынхаа нийт хугацааны ⅓-г ажлаа хийж өнгөрүүлдэг. Түүнчлэн ажил гэдэг бол таны амжилттай явах, өсөн дэвжих, нэр хүнд олох хэрэглүүр ч мөн учраас та өөрт тохирсон ажлаа хэрхэн хайх вэ?

  • Сайн төлөвлөх
    Аливаа зүйлийг сайн төлөвлөсний ачаар үр дүн нь сайн гарах нь бий.  Ажил хайгчдын хувьд ч хүртэл зохион байгуулалт сайтай байх нь хүсч буй зүйлдээ хурдан хүрэхэд дөхөм болно.  Тиймээс та Excel-ийн хуудас нээгээд баганууд дээр нь компанийн нэр, орохыг хүсч буй албан тушаал, тухайн ажлын мэдээллийг агуулсан холбоос, өргөдөлд шаардлагатай материалууд, өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа зэргийг шивээрэй.  Энэ нь танд хэзээ, ямар компанид өргөдөл гаргахад танд цэгцтэй, ойлгомжтой болгож өгнө.
  • Судалгаа хийх
    Дараагийн авах ёстой арга хэмжээ бол та тухайн өргөдөл гаргагч компаниа болон албан тушаалынхаа талаар дэлгэрэнгүй, бүр маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Өргөдөл гаргагч компани болгоныхоо талаар нэг бүрчлэн сайн судлах нь ярилцлагад ороход танд ямар их давуу талтай болохыг та өөрөө хараарай.  Наанадаж л тухайн компани хэдэн онд байгуулагдсан эсэх, өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаанууд, таны горилж буй албан тушаалд өмнө нь ямар хүн ажиллаж байсан эсэх гэх мэт мэдээллийг чадах ядахаараа л олж мэдэхийг хичээ. Ярилцлагад ороход асуух асуултад нь ч мөн бэлдээд очих хэрэгтэй. Түүнчлэн та ярилцлагад орохдоо асуулт асуугаарай.  Заавал шүү. Энэ нь таныг бусад ярилцлагад орогч хүмүүсээс ялгаж өгнө. 
  • Facebook, Twitter-ыг ашиглах 
    Twitter, Linkedin, Facebook зэрэг сошиал медиа хэрэгслүүдийг ашиглан ажил хайх.  Зөвхөн хаяг нээгээд орхичихгүй, эдгээр хэрэгслүүдийг зөвөөр ашиглах хэрэгтэй. Энэ мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан та өөрийн орохыг хүсч буй компанийнхаа талаар мэдээлэл аваад зогсохгүй тэдэнтэй харилцаж болох юм.
  • Бусадтай харилцаатай байх
    Танилтай бол талын чинээ гэдэг үгийг та мэднэ биздээ.  Ямар ч нөхцөлд, ямар ч аргаар хамаагүй танилынхаа хүрээг тэлж байвал их зүгээр байдаг.  Сошиал медиа хэрэгслүүдэд хүмүүс янз янзын бүлэг үүсгэсэн байдаг. Тэдэнтэй нэгд. Хаана л олон хүн байна, тэнд олон санаа, мэдээ, мэдээлэл дагаж байдаг хойно, ажилгүй явах үед чинь хэн нэгэн таны олж хараагүй, яг танд тохирох ажлын байрны мэдээллийг дуулгах ч юм билүү. 
  • Өөрийнхөө чадварт тулгуурлаж ажил хайх
    Ихэнх хүмүүс ажил хайхдаа ажлын байрны толгойг харж, өөрийн зорилгод тулгуурласан ажлыг сонгодог. Харин Америкийн ажил олголтын мэргэжилтэн Скотт Доброски хэлэхдээ ажилд орохоосоо өмнө тухайн ажлын байрны үүргийн тодорхойлолтыг сайн харах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
    Ямар нэг албан тушаалын нэршил нь байгууллага бүрт өөр өөр байдаг. Та ямар чадвартай, ямар туршлагатай гэдгээ бодолцож үзээд ажлаа хайгаарай. Энэ аргаар ажил хайхад та өөрт тохирсон ажлыг олох болно.
  • Боломжтой бүхий л нөөцөө ашигла
    Өөрийн сонирхож буй байгууллагын цахим хуудсанд нэвтэрч ажлын байр зарласан эсэхийг шалгаж байгаарай. Мөн ажлын байрны зард чиглэгдсэн сайтуудаар аялахаа ч мартаж болохгүй. Та нэгэн ажлын байрыг сонирхлоо гэхэд тухайн ажлын байртай ойролцоо ажлын байрыг танилцуулсан зард анхаарал хандуулаарай.
  • Хайлтаа илүү нарийн болго
    Та өөрийн чадварт тулгуурласан ажлын байрыг сонгох хэрэгтэй. Тухайн сонирхож буй байгууллагынхаа цахим хуудсанд нэвтэрч шинээр зарласан ажлын байрны үүргийг уншиж, байгууллагын ажилчдын сэтгэгдлийг уншаарай. Энэ арга замаар та энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаа эсэхээ шийдэж чадна.
    Магадгүй таны сонирхож буй байгууллагын талаар найз нөхөд тань мэддэг байж болох юм. Тэгвэл та энэ байгууллагын талаар илүү их мэдээлэлтэй болно. Хэрвээ танил байхгүй бол тухайн байгууллагын зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд оролцох нь зүйтэй.
  • Сонирхолтой ажлын байрыг тэмдэглэж аваарай
    Ихэнх байгууллагууд хангалттай хэмжээний анкет цугласан тохиолдолд ажлын ярилцлагад дуудаж эхэлдэг бөгөөд хэрэггүй гэж бодсон анкетуудаа хадгалалгүй шууд л устгадаг. Тиймээс та анкет болон “CV”-гээ илүү сонирхолтой, анхаарал татахуйц болгох дээр анхаарах хэрэгтэй.
  • Өөрийн “CV”-г үргэлж шинэчлэх
    Хэдийгээр та нэг төрлийн ажилд анкет бөглөж байж болох ч байгууллагуудын шаардлага бүр нь өөр байдгийг санаарай. Тиймээс өөрийн анкет, “CV”-гээ байгууллага бүрт тохируулан өөрчлөх хэрэгтэй.
  • Анкет дээр байгаа зүйлээ “CV” дээр давтах хэрэггүй
    Аливаа ажлын ярилцлага болон сонгон шалгаруулалтад зориулан анкетаас гадна өөр нэмэлт мэдээлэл өгч болно. Тухайлбал, яагаад энэ албан тушаалд тохирч байгаа зэргийг бичнэ. Эцэст нь амлалтаа хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өгүүлбэр бичих нь зүйтэй. Жишээлбэл, “Энэ талаар тантай илүү ярилцах боломжийг хүлээж байна” гэх мэт.
    “CV” заавал бичих шаардлагагүй байсан ч бичсэн нь зүгээр.  Энэ нь ажил олгогч таныг бусдаас онцлох боломжийг олгож байгаа юм.
  • Ярилцлагадаа бэлд
    Байгууллагын талаар ерөнхий мэдээллийг олж унших (Үйл ажиллагааны чиглэл).
    Ярилцлага дээр тулгарч болох хүндрэлтэй асуултад хэрхэн хариулахаа бэлдэх.
    Хэрвээ ярилцлага авах хүнийхээ нэрийг мэдэж байвал түүний талаар мэдээллийг хайгаад үзээрэй. Эдгээр нь шинэ ажилд орох гайхалтай боломжийг бүрдүүлдэг. Зарим тохиолдолд ажил олгогч танаас ярилцлагадаа хэрхэн бэлдсэн бэ гэж асуух бөгөөд уг асуултад хариулж чаддаг байх нь таныг тус ажлын байранд тэнцэх боломжийг нэмэгдүүлдэг.
  • Асуулт асуу
    Ярилцлагын хамгийн сүүлд ажил олгогч таныг өөрөөс нь асуулт асуух хүсэлт тавьдаг. Тиймээс ямар ч тохиолдолд асуулт асуух хэрэгтэй бөгөөд асуулт тавиагүй тохиолдолд та тухайн албан тушаалыг төдийлөн сонирхохгүй байна гэсэн бодлыг төрүүлэх магадлалтай. Жишээлбэл, байгууллагад албан тушаал ахих боломжтой эсэх, тулгардаг асуудлуудын талаар асууж болно.
  • Ярилцлагын дараа өөрийгөө дахин сануул
    Ярилцлага дууссаны дараа ажил олгогчид танд зориулан цаг гаргасанд баярлалаа гэсэн зурвасыг илгээгээрэй. Үүнээс гадна тухайн албан тушаалыг маш ихээр сонирхож байгаагаа хэлэх нь зүйтэй. Зурвас илгээхийнхээ өмнө алдаа байгаа эсэхийг сайн нягталж байгаарай. Жижиг алдаа л гарахад та бусдаас доогуур үнэлэгдэх магадлалтай.
  • Саналыг шууд битгий хүлээж ав
    Та ярилцлагад тэнцэж, таныг ажилд авахаар боллоо. Энэ тохиолдолд та шууд “За” гэж хариулах хэрэггүй бөгөөд хэзээ эцсийн хариу хэлэх хэрэгтэй вэ гэдгийг асуугаарай. Ингээд тухайн албан тушаал болон ажиллах нөхцөлийнхөө талаар сайн гэгч нь тунгааж, танд тохирно гэдэгтээ бүрэн итгэлтэй болсныхоо дараа хариугаа өгөөрэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал