Амталж шарсан махан хоолны жор

Колатай үхрийн шарсан хавирга

Орц:

  • Үхрийн хавирга- 1кг
  • Давс- 1 амны халбага
  • Сармис 2 хумс
  • Перц- ½ халбага
  • Нунтаг цагаан гаа- ½ амны халбага
  • Чихэрлэг соус- 1 аяга
  • Кола- ½ аяга
  • Халуун соус- 2 цайны халбага

Хийх арга:

Хайруулын таваг, шарах шүүгээгээ 350°С хэмд халаах хэрэгтэй. Хавиргаа давс, перц, цагаан гаагаар амталж, шингээж өгнө. Үүний дараа хэсэг байлгах хэрэгтэй. Энэ хооронд соусаа бэлдэнэ. Чихэрлэг соус, кола, халуун соусаа хольж, зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Бэлэн болсон соусандаа хавиргаа хийж, 10-15 минут болсны дараа халаасан хайруулын таваг, шарах шүүгээндээ хийж, 25 минут шарах хэрэгтэй. Ингээд л бэлэн боллоо.

Стейк буюу шарсан мах

Стейкийг үхрийн нуруу, гуяны зузаан махтай хэсэг, мөн гуяны хажуу хэсгийн махаар хийдэг.

Хийх арга:

  • Хайруулын тавгаа жигд  маш нимгэн тослоно. Хоолны зориулалттай багсаар тосоо жигд түрхвэл илүү сайн.
  • Ингээд хайруулын тавгаа гар дээр тавьж  тосноос утаа суунаглатал  маш сайн халаана. Тосыг ингэж халаахгүй тохиолдолд махнаас шүүс ялгарч хайрагдас муу тогтох  бөгөөд үүнээс болж мах шүүслэг чанараа алдаж хатуурдаг.
  • Тосоо халаах завсар 2,5 см орчим зузаантай, ширхэгийг нь хөндлөн хувилж зүссэн  махан дээрээ давс, нунтаг хар повоор цацаж амт тохируулна.
  • Ингээд тос сайн халсан эсэхийг шалгана. Үүний тулд хайруулын тавгандаа багахан  ус дусаахад тэр даруйдаа ууршиж алга болох ёстой.
  • Цөцгийн тосыг хэсэглэн  зүсэж хайруулын тавганд  хиймэгцээ бэлтгэсэн махаа багтахаар нь өрж тавина. Өөрөөр хэлбэл тос, мах хоёрыг нэгэн зэрэг хийнэ гэсэн үг. Эс тэгвэл цөцгийн тос хайлж түлэгдэх аюултай.
  • Цөцгийн тосыг ургамлын тосоор орлуулж болно.
  • Ингээд нэг талаас нь 3 минут орчим шараад хавчаараар махыг  эргүүлнэ. Тос багассан тохиолдолд  нэмж хийж болно.

Дахин  3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг халаалт дээр тавьж махныхаа  тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу гүйцэд шарж болгосон  стэйкний хувьд шаардагдах хугацаа  юм. Харин голдоо шүүрхий (цустай стейк буюу англи нэрээр blue steak, шүүрхийдүү /rare/) стейк хийх бол цельсийн 38-48 хэмийн, дунд зэрэг /medium rare, medium well/ бол 52-63 хэм, дээр дурдсан гүйцэд болгосон /well done/ бол 74-өөс дээш хэмд шарж болгодог. Хэт халаасан тостой гадаргуу дээр шарах буюу хугацааг хэтрүүлбэл мах хатуурч шүүсгүй болно.

Мах шарж байх  хооронд өөр нэг хайруулын тавганд цэвэрлэж хэрчсэн сонгиноо хийж хуурч шаргал хүрэн хайрагдас тогттол шараад  махан  дээрээ  хийнэ. Эсвэл сонгиноо  тусад нь биш махан дээрээ хийж цуг болгож болно.

Хорхог

Орц:

  •  Мах
  • лууван
  • давс
  • ус
  • Сонгино
  • сармис
  • төмс
  • / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/

ХИЙХ АРГА:

Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.

Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.

Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой.

Ангилал