-Сүүлийн үед хотжилт, байгаль цаг уурын байдлаас шалтгаалан харшилтай болох иргэдийн тоо улам л олширч байна. Харшил дотроо олон төрөл. Монголчуудад ихэвчлэн ямар төрөл нь илэрч байна вэ?
-Ер нь харшлийн илрэл нь улирлын чанартай байдаг. Өөрөөр хэлбэл, улирал нь тавдугаар сарын сүүлээс есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Манай улсад хог ургамал, шаралжны харшил илүү давамгайлдаг. Мөн модны тоосжилт буюу хус, улиас бургасны тоосноос харшилж байна. Үүний дараагаар үет ургамал буюу арвай, буудайнаас харшилдаг. Гэхдээ эдгээр төрлөөс хамгийн илүү давамгайлдаг нь ургамлын тоосны харшил. Энэ төрлийн харшил нь хамар битүүрэх, нүд загтнах, тууралт өгөх хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг. Мөн хүнд хэлбэрээр амьсгал боогдох, бачуурах байдлаар илэрдэг. Ургамлын тоосны харшлыг амьсгалын замын харшил гэж үздэг. Судалгаанаас харахад монголчуудын дунд илүү зонхилон тохиолдож байгаа нь амьсгалын замын харшил .
-Амьсгалын замын өвчин гэхээр ихэвчлэн хүнээс хүнд халдварладаг. Харин амьсгалын замын харшил нь хүнд халдварладаг уу?
– Амьсгалын замын харшилд хамгийн их хамаарч байгаа нь ургамлын тоосны харшил буюу ханиалгах, найтайх, хамар битүүрч байгааг хэлж байгаа юм. Амьсгалын замын харшил нь хүнээс хүнд халдварладаггүй. Харин урагт удамших хандлага байдаг. Ялангуяа эцгийн талыг дагаж удамших магадлал элбэг болоод байна. Өөрөөр хэлбэл, аав, ээж нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал өндөр байна үг шүү дээ.
-Иргэдийн дунд зөв ч юм уу, буруу юм уу нэг хандлага бий. Энэ нь хамар нь битүүрч, нүд нь улайж, найтайлгаад л эхэлбэл харшил гээд эм ууж, дусаалга хэрэглэдэг. Уг нь харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодорхой болгож л эм уух ёстой байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Зуны гурван сар нүд нь улайж, хамар битүүрэхэд өөрсдөө дур мэдэн эмийн сангаас хамар, нүдний тусаалга, эм уугаад л зүгээр болчихно гэсэн хандлага бий. Олонхи иргэд нүд загтнаж, хамар битүүрэхээр ургамлын харшил гэж ойлгодог. Гэтэл үнэхээр харшилтай байна уу, үгүй юү, харшил нь ургамлаас, тоосноос, эсвэл өөр төрлийнх байна уу гэдгээ мэдэхийн тулд мэргэжлийн эмчид зайлшгүй хандах ёстой. Ямар төрлийн ургамлаас харшилтай байгаа, тэр нь хэдээс хэдэн сарын хооронд үргэлжлэх үү, үүний тулд ямар эм тан хэрэглэх, хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэхгүй удвал харшил хэрхэн хүндэрч болохыг мэргэжлийн эмчид хандсанаар мэднэ шүү дээ. Харин зуны гурван сар дур мэдэн эм хэрэглэснээр түр зуурын шинж тэмдэг, хүндрэлийг л дарна. Дараа жил дахиад харшил нь илэрнэ. Дахиад дур мэдэн эм хэрэглэх үү. Ингэж явсаар харшил нь хүндэрч астма болсон хүн олон бий.
-Харшлаа аль болох эрт оношлуулах нь зөв юм байна. Тийм үү?
-Эрт оношлуулбал цаашид харшлаа яаж хүндрүүлэхгүй байхаас сэргийлж чадна. Юу идэж, юу өмсч, ямар орчинд яаж ажиллаж, амьдрах уу гэдэг талаар зөвлөгөө авч өөрийгөө аливаа хүндрэлээс сэргийлж чадна шүү дээ.
-Зарим хүн хамар нь битүүрч, найтайлгаж эхэлбэл Холорфинами гэдэг харшлын эмийг ихэвлэн уудаг. Энэ эмийг ямар ч төрлийн харшилтай хүн ууж болдог юм уу. Харшил дарах хэмжээний эм нь яг мөн үү?
-Холорфинамиг хэрэглэж болно. Гэхдээ харшлийн хүндрэлээсээ шалтгаалан нэг, хоёр гурав, дөрөвдүгээр үеийн эмнүүд гэж байдаг. Хлорфенамин бол харшлийн нэг, хоёрдугаар үеийн эхэнд уух эмэнд багтдаг . Тэгэхээр харшлийн эхэн үед хэрэглэж болно гэсэн үг. Харин Холорфинами уугаад байхад зовиур нь дарагдахгүй байвал дараагийн шатны сүүлийн үеийн эмийг хэрэглэх шаардлага гарсан гэсэн үг. Тиймээс дур мэдэн эмчлэхээс илүү мэргэжлийн эмчид хандаж үе шаттайгаар эмчилгээ хийлгэх нь зөв арга.
-Харшил хүндэрвэл ихэвчлэн ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Сүүлийн үед амьсгалын замаас үүдэлтэй харшил олширч байгаа. Энэ харшил нь хүндэрвэл нэг том аюулыг дагуулдаг. Амьсгалын замын гол хүндрэл нь уушгины багтраа буюу астма гэдэг өвчин тусна. Астматай болбол насан туршдаа л өвдөнө шүү дээ.
ЗӨВЛӨГӨӨ: Улирлын гаралтай харшлаас ингэж сэргийлнэ
Харшил тавдугаар сараас эхэлж есдүгээр сард саардаг
-Ургамлын тоосны харшил тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10 хүртэл
-Модны тоосжилт тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20
-Үет ургамал зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20
-Хог ургамал долдугаар сарын 20- есдүгээр сарын 20 хүртэл
Мэргэжлийн эмчид хандахын давуу тал:
-Юунаас харшил авсанаа тодорхой болно
– Харшлийн талаар ойлголт, мэдлэгтэй болно
-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой болно
-Арьсны өвчин үү, харшил уу гэдгээ тодорхойлуулна
Та ургамлын харшилтай бол
Хэрвээ та болон таны хүүхэд ургамлын харшилтай бол бороо орж байхад цонхоо болоо хаалгаа хаалттай байлгавал зүйтэй ажээ. Учир нь хөрсөн дээр буусан тоос бороо орохоор ууршиж, ургамлын харшил сэдэрдэг байна. Бороо орж байхад болон орсны дараа 20-30 минутын турш цонх, хаалгаа хаалттай байлгах хэрэгтэй аж. Модны тоосны харшилтай хүмүүс ч мөн адил. Цонхных нь дэргэд мод байдаг бол бороотой үед ойнгорхой байлгах хэрэггүй юм байна.