Эх үрсийн баяр уу? Хүүхдийн баяр уу?

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн 6-р сарын 01-ний өдрийг уламжлал болгон бид өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэсээр ирсэн билээ.

Тэгвэл энэхүү баярыг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн тухай түүхийг сөхвөл...
International-Childrens-Day-1

Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Хэрэв 1924 онд Женев хотноо "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга" уулзалт болоогүй бол Ирланд, Португал, ОХУ, Армен зэрэг дэлхийн дөч гаруй орон "6 сарын 1"- нд "Хүүхдийн баяр" тэмдэглэдэггүй байж болох юм. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Олон улсад ба манай улсад...

1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "6 сарын 1"-ний өдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаснаар улс орнууд  дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Улмаар 1952 оноос Монголд анх удаа "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байна. Тэр цагаас хойш бараг л бүх хүн "6 сарын 1"-нд Хүүхдийн паркад очин баярлаж, ээж ааваасаа шинэхэн, гоё бэлэг авдаг уламжлал тогтсон юм. Унадаг дугуй, цэнхэр нүдтэй хүүхэлдэй, одон орны дуран, чихрийн цуглуулга, цэцгэн хээтэй даашинз, хөгжим тоглуулагч гээд хүн бүрийн багадаа авч байсан ямар нэгэн нандин бэлэг энэ өдөр л гарч ирсэн байдаг.

Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.

Хүүхдийн баяр эсвэл Эх үрсийн баяр...

Гэвч энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй, тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч бас баярлуулах хэрэгтэй гэж Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, бид 1995 оноос эхлэн "Эх үрсийн баяр" тэмдэглэх боллоо. Тэр үед хүмүүс, "Эмэгтэйчүүдэд өөрсдийн гэсэн баяр, <<Мартын 8>> бий шүү дээ" гэлцэж байсан ч "Март бол бүх эмэгтэйчүүдийн баяр. Харин <<6 сарын 1>> бол хүүхэд төрүүлсэн ээжүүдийн баяр" гэсэн зөвтгөл эсрэгээр нь гарсан даа. Энэ үед олонх аав нар хүүхдүүдээ эхнэртэйгээ хамт баярлуулах үүргийг хүлээн авсан ч энэ өдөр ээж болон эхнэрээ баярлуулаагүй эрчүүд бас цөөнгүй үлдсэн.

group of happy children playing

Үнэндээ "6 сарын 1"-ийг "Эх үрсийн баяр" болгох 1995 оны шийдвэрийг 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ албан ёсоор цуцалж, зөвхөн "Хүүхдийн баяр" болгосон юм. Магадгүй та тийм зүйл байдаг эсэхэд эргэлзэж байвал Хөдөлмөрийн тухай хуулин дахь"Бүх нийтээр амрах өдөр"-ийн жагсаалтанд "Хүүхдийн баяр" хэмээн нэрлэсэн байгааг харах боломжтой.

Тэгэхээр бодит байдал гэвэл Монголд одоо хууль ёсны "Ээжүүдийн баяр" байхгүй, дэлхийн "Ээжүүдийн баяр"-т манай орон албан ёсоор нэгдээгүй бөгөөд "6 сарын 1"-н зөвхөн "Хүүхдийн баяр" хэвээр үлдсэн байна. Бидний сэтгэлд хоногшин үлдсэн "Эх үрсийн баяр" гэх ойлголт маань зөвхөн 1995-2003 оны хооронд хэрэгжиж байсан зүйл бөгөөд өдийг хүртэл жил бүр "Эх үрсийн баяр" гэж бичиж, хэлж заншсанаас улбаалж бид одоо хүртэл ийм баяр байгаа мэтээр төөрөгдөх болжээ. Тиймээс хүмүүс удахгүй болох "6 сарын 1"-нд зөвхөн хүүхдүүдэд л бэлэг авахаар төлөвлөж болох юм. Хэрвээ та энэ өдөр ээжийгээ юм уу, эхнэрээ баярлуулж заншсан бол үүнийгээ болих хэрэггүй. Бидэнд хайртай хүмүүсээ баярлуулахад ямар нэгэн албан ёсны шийдвэр, тэмдэглэлт баяр хэрэггүй бөгөөд, харин ч өдөр бүр баярлуулж, сайхан үг хэлж байх хэрэгтэй юм шүү.

Ангилал