“Дөл буян” ХХК
Бид ард иргэдийн сэтгэл ханамжинд нийцсэн мөн Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн ёс заншлыг алдагдуулалгүй орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэж бурхан болоочийн шинжээн дээр заасан зүгт буяны үйл ажиллагаа хийдэг.
Утас: 7740-0153
Дэлгэрэнгүй

Хайрт нөхрөө үүрд үдэн, түүнийг оршуулан ёслооно гэдэг бол хамгийн хүндтэй үйлийн нэгэн билээ. Монголчуудын хүн оршуулах заншил эрт дээр үеэс үе улиран уламжилж ирсэн олон янз ажээ. Үүнд булшлаж, хигисхүү хийнэ. Хөшөө таш босгох, хайлж чандар болгон хадгалах, хатааж занданшуулах , ил задгай гээгдүүлэн оршуулах гэх мэт болно. Эдгээрээс булшлах, ил оршуулах хоёр нь нийтийн түгээмэл ёс байсан бөгөөд түүнээс ил гээгдүүлэн оршуулах зан үйлийг булшлан оршуулах ёсоор халж, тэрхүү булшлан оршуулах заншил нь орчин үеийн монгол нийтийн ёс болж байна. Нас барагсдын оршуулах ёс нь газар авах, талийгаачийн шарилыг гэр орондоо байрлуулан уй хийх, талийгаачийг хөдөөлүүлэх, гашуу тайлах зэрэг үндсэн хэсгээс бүрэлдэж байна.

А.газар авах –Газар авах гэж талийгаачийн ар гэрийн хүн нас барсан хүнээ хөдөөлүүлэх нутаг сонгохыг хэлнэ. Ингэж газар авахад иргэдийг үйлчлэх байгууллагаас хичнээн тусалж газрыг заан хэрэглэх зүйлийг олгож өгөх нь зүйтэй. Оршуулах газрыг товлосны дараа шарил залахад бэлтгэхийн өмнө газар авах ёс гэдгийг гүйцэтгэдэг. Ингэхэд хадаг тавьж газраа хүндэтгээд, эвэр мод мэтийн зөөлөн юмаа тойруулж зуран дараа нь царил зээтүүгээр ухна. Ингэхийн учир нь нөхцсөн хүнээ тавих газрыг нандигнаж байгаагийн тэмдэг ажээ.

Газрыг доорхи хэмжээгээр ухаж бэлтгэнэ. Ингэхэд газрын гүн нь хэт гүнзгий биш 1,5 метр орчим байхад болно. Шарилын хоорондын зай нь урт талдаа 1 метр, богино талдаа 1,5 метр байх ба шарил залах нүхний хэмжээ нь насанд хүрсэн хүнийхэд нүхний урт нь 2 метр, өргөн нь 1 метр, 10-аад настай хүүхдийнхэд урт нь 1,5 метр, өргөн нь 0,8 метр, 3 хүртэлх насны хүүхдийнхэд урт нь 1 метр, өргөн нь 0,6 метр орчим байж болно.

Түүнчлэн нүхийг хашиж, доторлож болох боловч ёроолыг газраар нь байлгахыг аятай гэдэг. Учир нь монголын заншилаар хайрт хүнээ унасан газар угаасан ус, төрсөн нутгийнх нь бүлээн хөрсөнд өлгийдөн оршуулахыг эрхэмлэх учир тийнхүү хүйтэн үнсэл (цемент) , аргай (бетон)-д булшлах нь аятай бус гэдэг. Харин хана туургийг нь мод чулуулаг буюу дээрх аргай мэтсээр бүрээд, дээрээс нь бат бөх гоёмсог хавтангаар таглан, нэрийн нь дурсгал болсон хөшөө босгох нь зүй. Хөшөөг аргай, чулуугаар хийж болно. Хөшөөн дээр талийгаачийн алдар нэр, журамт иргэний дурсгал болсон нар, сарны дүрс бүхий бэлэгдлийн зураг сийлж болно.

Б.Шарилыг гэр орондоо байрлуулах -Талийгаачийг бие барсны дараа уй хийхэд бэлтгэн аятай тохитой байрлуулах хэрэгтэй болдог. Ингэхдээ гэрт бол юмаа зайчлаад эр хүнийг баруунтай нь , эмэгтэй хүнийг зүүнтэй нь байрлуулах ба их эрхэм хүнийг голд байрлуулдаг. Байшинд мөн нэгэн адил өрөөний юмыг зайлуулан суллаж тасалгааны хаалга үүдний байдлаар хойт, урд чигийг баримтлан талийгаачийн толгойг хойморь хандуулан тогойн чигт хөргийг өлгөнө.

Шарилыг дээш харах буюу хажуугаар нь хандуулан хоёр янзаар байрлуулж болно. Иймд настай аав, ээжийг монгол ёсоор хажуу тийш хандуулан байрлуулахад болох бөгөөд идэр залуу буюу албаны эрхэм хүнийг нийтийн ёсоор өөд нь харуулан хэвтүүлэх нь зүйтэй биз ээ. Гэрт шарил байрлуулвал хаалга үүдийг битүүлж болох бөгөөд байшин саванд бол өрөөний салхивчийг онгойлгон сэрүүн байлгаж болно. Ямар ч атугай гэр байшингийн алинд ч ялгалгүй ариутгах үнэртэнг ихэд хэрэглэх нь чухал. Талийгаачийг заавал шинэ хувцас өмсгөх албагүй. Өмсөж байсан хувцасыг нь хэрэглүүлэх буюу нэгэн бол цайвар өнгийн бөсөөр биеийг ороож болно. Мөн түүнчлэн нүүр, зүс , царайг засан хадаг торгомсгооор бүтээх нь зүйтэй. Тэгэхдээ авч хайрцаг бэлэн болтол ор засах буюу тусгай дэвсгэр дэвсэн дээр нь шарилыг байлгах нь зүйтэй.

В. Авс бэлтгэж байрлуулах – Талийгаачийн биед тохирсон авсыг бэлдэж гүйцсэний дараатүүнийг сайтар янзалж чимэх хэрэгтэй болдог. Тэгэж чимэхдээ авсны тагийг цагаан цэнхэр даавуугаар, авсны доторыг зөөллөгтэй шаргал буюу цагаан бөсөөр бүрдэг. Энэ нь хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийг бэлэгдсэн зүйл болно. Мөн нилэнхийд нь хөх юмуу улаан хараар бүрнэ. Авсны дээд тагны хөвөөг ногооноор хуниас гарган чимэглэж болно. Цэцэг чимэг хийх бол мөнхийн дурсгалын бэлэгдэл болсон хөх өнгийн цэцэг голдон, хайрын бэлэгдэл болсон шар, ариун бэлэгдэл болсон цагаан өнгийг дагалдуулан чимэн цэцгийн цоморлиг бэлдэж болно. Мөн энэ мэт өнгө харшуулан цэцгэнэрх, бэлтгэж дээр нь эмгэнэлийн үгтэй тууз хийж болно. Цэцгэн дээрх тууз нь монголын уламжлалт заншилт бараан өнгийн байх бөгөөд түүн дээрх үсгийг цагаан буюу шараар бичдэг. Улаан дээр шараар бичихийг баярын дурсгал, хожмын хүндлэлд хэрэглэдэг ажээ. Энэчлэн гашуудлын тэмдэг нь уламжлалт заншилт хар хөх дээр цагааныг хослон хэрэглэдэг. Хэдий тийм боловч орчин үеийн нийтийн ёсны улаан хар болон , уламжлалт хөх , цагаан хоёр өнгийг аль алийг ньбуруутгах аргагүй тул хэрэглэгчийн үзэмжээр сонгох нь зүй. Түүнчлэн авсыг цэцгээр чимэхэд уламжлалт заншилт бэр цэцэг , цагаан лянхуа хийж хэрэглэх нь буй. Мөн авсны дотор их эд зүйл хийх нь төдий л аятай бус тул голдуу бэлэгдлийн эдболох таягийг бяцханаар хийж настай хүнд дагуулах, зүү, утас, мэтсийг эмэгтэй хүнд , тоглоомын зүйлийг хүүхэдбагчуулд дагуулдаг байна. Үүнийг бас бодолцон дуртай зүйлээ хамт хийж болно.

Г. Хөдөөлүүлэх – Талийгаачийг хөдөөлүүлэх өдөр нь даваа , лхагва, баасан гариг болох бөгөөд өглөө этт гарах нь зүйтэй. Шарилыг ачих хэсэг нь машин тэрэг, ердийн хөсгийн аль нь ч байж болно. Унаа хөсгөө бэлдэн шарил ачих байрыг янзлаад шарилаа дотроос гаргана. Шарилыг гаргахдаа амьдын урвуу үйл болгон байшин юм уу гэрээс гаргахад босгон дээр нь хөндлөн мод тавьж шарилыг толгойгоор нь гаргана. Ингээд гашуудлын цуваа хийж, ёс гүйцэтгэх буюу шууд хөсгөнд ачаалж болно. Гашуудлын цуваа үүсгэх аваас хамгийн түрүүнд хөрөг, дараа нь цэцэг, дараа нь гавъяа шагналыг барин, хойноос нь шарилыг явуулан хүмүүс араас нь дагалдана. Тэгээд унаанд шарилыг ачин, оршуулгын газар луу оддог. Тэргэн дээр шарилыг ачихад дор нь дэвсгэр дэвсэн аятай байрлуулахын хамт хажууд нь дотно хүмүүсийг түшүүлэн байлгана.

Ингэж шарилыг хөдөөлүүлэн гаргахад зам зуур шарил хүргэх ёс хийдэг. Тэгэхдээ унаан дээрээс мөнгө шидэх, буун хадаг тавьж явах нь зохимжгүй тул гагц хадагны оронд цэнхэр өнгийн торгомсог туузыг (2-3)-ийг бэлдээд тэрэгний урьд уяхад хадаг барьсантай ялгаагүй болно. Хэрэв ингэвэл замд бууж зогсох хэрэггүй. Шарилыг гэрээс гаргахын урьд уй хийх болон хөдөөлүүлэх үед хөгжим хэрэглэж болно. Мөн шарил хүргэхэд ч хөгжим дуугаргаж болох юм.

Ингэж шарил хүргэн явахад хэтэрхий довтолгон явах нь аятай бус

Д. Шарил залах – хөдөөлүүлэх ёсны нэг хэсэг нь шарил залах зан үйл юм. Энэ ёслолыг талийгаачийн оршуулах газар шарилыг нь авчирсны дараа гүйцэтгэнэ. Шарил хүрч ирэхэд оршуулах нүхний баруун талд шарилаа дэвсгэр дээр буулган толгойг нь газрын өөд чиглүүлэн байрлуулаад, нүхийг цэвэрлэн бэлтгээд, бүх хүн нам гүн болж хагацал үйлдэх ёс гүйцэтгэнэ. Энэ үед дурсгалын үгийг товчоор хэлэн талийгаачтай салах ёс хийнэ. Ингэхдээ түүнийг үнсэж үнгэх нь онц биш. Тэгснээс талийгаач нь дүү хүн бол амьд ахмад нь магнайд нь гараа хүргэж хайрлахын утгыг илэрхийлэх, бүрлээч нь ахмад хүн бол дүүмэд нь өвдөгний нь тус газар авсны буланд духаа хүргэн хайртнаа хүндэтгэж байгаагаа илтгэж болно. Ёслолын үг хэлж дээрх ёсыг гүйцэтгэсний дараа нэг минут номхон зогсож гүн эмгэнэл хийнэ. Ингээд шарилаа газарт залах ёсыг гүйцэтгэнэ. Шарил залах газар их хадгийг тавих нь зохимжгүй, харин цайны зүйлс, арьс, эсгийний өөдөс цагааг чулуу хийдэг болно. Харин мөнгө төгрөг зэрэг их юм хийх нь онцгүй. Тэгээд сүү дусаан, арвайн будаа, цацаад шарилаа зөөлөн идээр тэнчээдэн газар (нүхэнд) тавина. Дараа нь хавтангаар таглан гагнаж, толгойн талд нь хөшөө босгоно. Мөн бунхан хийсэн ч болно. Эсвэл гагц хөшөө босгоод зүгээр шороо овоолж ёслох ч буй. Харин ингэж дан шороо овоолж булвал гоёмсог өнгийн талхалсан чулуу, цацах буюу цэцэг ургамалын үр суулгаж болно. Хашаа хайс сараалгах нь тийм ч аятай бус. Шарилыг бунхалж дуусаад мөнөөх шарил гаргах үед тэргэнд уясан цэнхэр туузыг хөшөөнд зангидан дурсгал болгон үлдээж болох ба эргэн тойронд цэцгэн эрих тавьж болно. Үүнчлэн бүх үйлийг төгсгөөд хавь орчныг сайтар цэвэрлэн, уй хийгч нөхөд бүгдээр сайтар бунхныш гурвантаа тойроод, унаа хөсгөө хөлөглөн гэрийн зүн эгнэ. Ингэхдээ ирсэн замаараа буцдаггүй гэдэг.

Е. Гашуу тайлах- Бие барсан хүнээнутаглуулж ирээд гашуу тайлах ёс гүйцэтгэдэг. Энэ ёсыг ёслоход гэрт үлдсэн улс орон байрыг сайтар цэвэрлэн, нэгэн бол гэрээ шинээр барьж, дэвсгэр, эд өлгийг гоёмсоглон тавьж, идээ цагаа бэлтгэдэг. Оршуулганд явсан улсыг ирэхэд гар угаах ус, хярам хоёрыг бэлдэнэ. Мөн хөвөнд стирт шингээн гар арчиж болно. Бас арц, хүж уугиулж болно. Явсан улс гэрийн гадаа ирэн хувцас хунараа янзал, үс гэзгээ засан дээрхи усаар гарыг угаан бусад зүйлээр ариутгаад гэрт орно. Гэрт ороход угтах улс – Сайн явж ирэв үү, явдал сайхан бүтэв үү? Гэж асуух бөгөөд ирсэн улс «Сайн явж ирлээ, сайхан боллоо» гэж хариулдаг. Гэрт ороход цай , идээ бэлдсэн байна. Ширээг бүдэг хөх, судалтай хөх бараан бүтээлгээр бүтээх нь буй. Энд бэлтгэх зүйл , хоол унд болно. Архи дарж ууж уй гашуудал тайлах ёс огт үгүй. Гашуу тайлах будаалгын үед шарил тээсэн тэрэгний жолооч мэт ихэд хүчин зүтгэсэн хүнд хадаг, цай , мөнгө төгрөг барих бөгөөд бусад хүмүүст их бэлэг барих нь үгүй. Харин утас зүү, шүдэнз өгөх нь буй. Гашуу тайлах будаалгын үед хэрэглэх аяга , таваг нь хэтэрхий гялалзсан бус байх нь зүйтэй. Мөн тэр газар талийгаачийн зургийг өлгөн өмнө нь идээ тавин гэрэл барьж болох юм. Үүний учир нь хайрт хүнийхээ гэгээн дүрийг амьд мэт харж байгаагийн бэлэгдэл болно. Гашуу тайлах ёс гүйцэтгэсний дараа талийгаачийг засаг захиргааны бүртгэлээс нэрий нь хасуулдаг. Тэгээд түүнийг бие барснаас хойших долоо, хорин нэг, дөчин ёс хоногийг алинд ч эргэж очин болно. Ингээд хойшдын эргэлтийг сар жилээр тааруулан ёсолж булш бунханд нь цэцэг өргөж болно.

Дурсгалын туузнаа бичих үгс

Туузны эхэнд нь зориулсан үгийг бичин нөгөө үзүүрт нь дурсаж буй хүмүүсийн хаяг байна. Тэгэхдээ бичих үг нь хүн хүний байдлаар өөр өөр болно.

Үүнд:

Аав ээжийн шарилд үр хүүхдүүдээс өргөх цэцэгт
Ах эгч болох хүний дурсгалд
Дүү болох хүний дурсгалд
Үр хүүхэд болох хүнд
Амраг хань болох хүнд
Багш, удирдагч зэрэг хүндэт эрхэм хүнд
Үе, журмын нөхөрт
Тухайлан онцлохгүй бүх төрлийн хүнд түгээмэл хэрэглэж болох үг
«Хайрт аавдаа »

«Хайрт аав таньдаа»

Үр хүүхэд нь

Үр ач нар тань

Хамаатан садан нь гэх мэт

«Хайрт ахдаа»

«Хайрт эгчдээ»

«Хайрт эгч Тандаа»

Дүү нар нь

Дүү нар тань

Хамаатан садан нь

«Хайрт дүүдээ»

«Хайрт дүү чамдаа»

Ах эгч нар нь (чинь)

Хамаатан садан нь

«Хайрт хүү (охин) чамдаа»

Аав ээж нь (чинь)

Ах дүү нар нь (чинь)

Хамаатан садан нь (чинь)

«Хайрт ханьдаа»

«Хайрт хань Чамдаа»

Гэргий чинь (нь)

Нөхөр чинь (нь)

«Хайрт багш (удирдагч, дарга , эмч…)-даа»

«Хайрт багш (удирдагч, дарга , эмч…) Тандаа»

Шавь нар нь (тань)

Хамт ажиллагсад нь (тань)

…………….-ны хамт олон

«Найз чамдаа»

«Хайрт найз чамдаа»

«Хайрт нөхөр чамдаа»

«Хайрт нөхөр. .. . . . Чамдаа»

Анд нөхөд нь (чинь)

Хамт ажиллагсад нь (чинь)

Хамт суралцагсад нь(чинь)

. . . . . . .хамт олон

«Хайрт . . . . . . – даа »

«Хайрт Тандаа (Чамдаа)»

«Хайрт ….. Тандаа (Чамдаа)»

Анд нөхөд нь (тань, чинь)

Хамт ажиллагсад нь (Тань, чинь)

Хамт суралцагсад нь (Тань, чинь)

Үр хүүхэд нь (тань, чинь)

Ах дүү нар нь (тань, чинь)

Хамт олон нь (тань, чинь)

Хөшөө – Нас барсан хүнд зориулж босгох хөшөөн дээр гагцхүү овог, нэр , төрсөн, бие барсан оныг хуучин шинэ үсгийн аль дуртайгаар бичиж болно. Хөшөөний дээд тал нь мохоо дугариг, хурц гурвалжин хоёр янз байна. Түүний аль алинд нь талийгаачийн үйл хэрэг алдар нэр нь наран, саран мэт мөнхрөх болтугай гэсний утгаар нар сарны лүрс сийлэх бөгөөд түүнчлэн үйл дурсгал нь галын дөл мэт мандан бадраг гэсний учир мөнөөх нар сарны дээр галын дүрс гаргадаг. Энэ нь нэг ёсондоо манай улсын сүлднээ байдаг монгол улсын төрийн билэгдэл болсон соёмбо тэмдгийн нэг хэсэг болох тул төрдөө нэртэй, түмэндээ хүндлэлтэй хүн явсан гэдгийг албан баталгаа болох юм.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал