Дархлаа дэмжих аргууд darhlaa demjih arguud

Дархлаа гэдэг мань хүний биеийн зэвсэгт хүчин. Маш олон төрлийн цэргийн тусгай ангиудаас бүрддэг. Тиймээс бид цэргүүддээ зэр зэвсэг сайн өгөх, хувцаслаж ундлах хэрэгтэй.

⁃ Уураг.
Хүний бие бол уургаас бүтдэг. Дархлааны эсүүд ч мөн адил. Уургын дутагдал дархлааны шинэ эсүүд үүсэхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс уургын агууламж өндөртэй хоол идэх хэрэгтэй. Улаан мах, өндөг, шош зэрэг.

⁃ Төмөр.
Дархлааны эсүүдийн гол зэвсэг нь ферментүүд. Ферментийн гол найрлага нь төмөр. Төмрийн исэлдэх процессыг ашиглаж дайснаа залгиж устгадаг. Тиймээс төмрийн дутагдлыг нөхөх, төмрийн агууламж өндөртэй элэг, мах идэх хэрэгтэй.

⁃ Ус.
Бие дотор дархлааны эсүүд цус тунгалгын усан орчинд сэлж байлдах газраа очдог. Тиймээс цус шингэн байх нь ач холбогдолтой. Эс дотор үүссэн бодисын солилцооны хог шаар, үрэвслийн тулаанд үрэгдсэн эсүүдийг усаар дамжуулж цэвэрлэж биеэс гадагшлуулдаг. Шээс , өтгөн, нус, цэр, хөлс бүгд бие цэвэрлэх замууд. Ус бага багаар их хэмжээтэй уух нь чухал.

⁃ Агаар.
Хүчил төрөгчийн тусламжаар эсүүд энерги үүсгэж оршин тогтнодог. Дархлааны эсүүдийн ажлын чадамж ч хүчил төрөгчөөс шууд хамааралтай. Тиймээс өдөр бүр эрүүл агаарт гарах, өрөөндөө үе үе агаар салхи оруулж агаарын солилцоо хийх нь чухал.

⁃ Өөх тос.
Нүүрс ус бол богино хугацаанд маш их энерги өгдөг эх үүсвэр. Өөх тос бол удаан хугацаагаар шатдаг , энергээр хангадаг эх үүсвэр. Дархлааны сүүд удаан хугацаанд вирустэй тулалдахад хангалттай их энерги түлш хэрэгтэй болдог. Чанартай өөх тостой хоол идэх нь тамир тэнхээ сайн оруулдаг. Тиймээс Омега3 агуулсан загасны тос, чацарганы тос, хонины сүүл,адууны мах идэж байвал сайн. Гэхдээ транс тос, чанаргүй, ханасан тос зэргийг аль болох бага хэрэглэвэл сайн.

⁃ Нойр.
Шөнийн цагаар биед чухал дааврууд нийлэгжиж , өдрийн цагаар үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс биеийг цэвэрлэх, маргааш өдөрт хэрэглэх бодисоо нөөцлөх зэрэг маш олон чухал ажлууд явагддаг. Дархлаа доголдох хамгийн гол шалтгаан нойргүйдэл тул 7-8 цагаас багагүй тасралтгүй унтах хэрэгтэй. Балчир хүүхдүүд 19 цагаас эхэлж унтаж, сурагчид 20-21 цагаас оройтолгүй орондоо орвол сайн. Нас балчир байх тусам удаан сэргэдэг тул их унтуулах хэрэгтэй болдог.

⁃ Хөдөлгөөн.
Биеийн тамир бол бие чийрэгжүүлэх маш сайн арга гэдгийг хүн бүр мэднэ. Хөдөлгөөн хийснээр маш олон ашигтай процессууд хүний биед явагддаг. Цусны урсгал түргэсэх, цус төлжилт сайжрах, мөн бодисын солилцоо сайжирдаг. Гэхдээ дасгал хэт их хийвэл эсрэгээр дархлаанд сөргөөр нөлөөлнө. Өдөр бүр ,олон цагаар , хэт хүндээр дасгал хийвэл биеийн эрдэс витамины нөөцийг хурдан дуусгадаг. Тиймээс өөрт тохирсон дасгал өдөр бүр дор хаяж 30 минут хийх хэрэгтэй.

⁃ Нар.
Нарны гэрлийн нөлөөгөр бидний тархинд серотонин гэх аз жаргалын даавар ялгардаг. Серотонин нь таныг баяр хөөртэй байлгахаас гадна таны дархлааг бас идэвхжүүлдэг. Серотониноос Мелатонин гэх нойрны даавар үүсдэг. Ө.х. баяр хөөртэй байх тусам шөнөдөө илүү сайн нойрсож чадна. Тиймээс өдрийн цагаар гадаа гарч мандаж, жаргаж буй нар харж байвал сайн.

⁃ Д витамин-D3.
Нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг энэ витамины дутагдал Монголд өвөл хаврын цаг буюу 12,1,2,3 сард Д витамины хамгийн бага түвшинд очдог эдгээр саруудад томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрдэг. Тиймээс энэ саруудад уудаг Д витаминыхаа тунг нэмэхэд илүүдэхгүй. Зуны цагт ч гэсэн Д витамин хэрэглэхээ зогсоох хэрэггүй. Олон судалгаанууд Д витамин ханиад томуунд өртөлтийг багасгадгийг нотолсон. Д витаминыг хамгийн хүчтэй дархлаа дэмжигч ч гэж бас нэрлэдэг.

⁃ Гэдэс.
Таны дархлааны эсүүдийн 70-80% нь гэдэс дотор байдаг. Таны дархлааны цөм бол таны гэдэс юм. Тиймээс гэдсэнд ээлтэй хоол хүнс хэрэглэх.2 идэхгүй хоосон хонохгүй зарчмаар хооллож гэдсээ амрааж байвал таны дархлаанд ч мөн адил сайнаар нөлөөлнө. Хэт их идсэнээр гэдэс хоол боловсруулах болон хүнсээр орж ирсэн гадны биетүүдийг устгах гээд хэт завгүй ажиллаж эхэлдэг. Ерөнхий дархлааг сайжруулья гэвэл гэдсэндээ бага ачаалал өг. Мөн гэдсэнд сайн ашигтай нян агуулсан синбиотикийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.

-Дулаан.
Өндөр хэмийн нөлөөгөөр дархлааны эсүүд сайн ажилж эсрэгээр вирусууд амьдрах чадвар нь сулардаг. Тиймээс бие мах бодь халуурч өвчинтэй тэмцэдэг учир бага зэргийн халууралтыг бууруулах гэж оролдохын хэрэггүй. Саун, халуун ваннд дуртай үнэрт давс хийж амарч байх нь дархлаа дэмжих бас нэг сайн арга.

Эцэст нь гараа сайн ариутгаж, ам хамраа давсны уусмалаар зайлах гэх мэт энгийн аргуудыг өдөр тутам хэрэглэж хэвшүүлнэ. Мөн тамхи архи хэрэглэхгүй. Чихэр, ундаа, гурилан бүтээгдэхүүнүүд бидэнд ашиггүй эмгэг төрөгч нян шимэгч нарыг тэжээж таныг хорлохоос гадна үрэвсэл үүсгэж дархлаа сулруулдаг талтай тул аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ШИЛДЭГ 10 ХҮНС

1. САРМИС
Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм

Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад томуу, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг. Түүнчлэн, сармисанд агуулагддаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж. Иймд хахир хатуу хаврын цагт та өөрийгөө хамгийн сайн эмч сармисанд даатгаад авахад гэмгүй.

2. АНЬС, ЧАЦАРГАНА
Аньс органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Аньсанд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, кали, кальци, марганц төмөр,зэрэг эрдсүүд агуулагддаг. Харин навчинд нь халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг байна. Ханиад томууны дэгдэлтийн үеэр тус жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.

Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг байна. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг.

3. СҮҮ, ЦАГААН ИДЭЭ
Монголчууд зөвхөн зун гэлтгүй өвлийн улирал цагаан идээгээ хэрэглэж дархлаагаа дэмжиж байх нь зүйтэй. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад нэн чухал.

4. САМАР, УРГАМЛЫН ҮР
Эрүүл мэндэд нэн тустай, дархлаа дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм юм. Та самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой.

Хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, тус шим тэжээлүүдийг хэрэглэх хэмжээ янз бүр байдаг байна. Энгийн амьдралын хэв маягтай хүн самар, ургамлын үрийн аль нэгийг өдөрт 100-400 мг-г хэрэглэхэд хангалттай. Харин архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын суугаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дээрхээс илүү хэрэглэж байж үр дүнгээ өгдөг байна.

5. АМУУ, ТАРИА
Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тариан төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ислэг, уургаас гадна залуужуулах гайхамшигтай үйлдэл бүхий антиоксидант ихээр агуулагддаг байна. Иймд цагаан гурил, гурилан бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

6. ЗӨГИЙН БАЛ, НИМБЭГ
Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг.

7. ЗАГАСНЫ ТОС
Бие мах бодийн эрч хүчийг сэлбэх амин чухал шимт бодисыг та загаснаас нөхөх бүрэн боломжтой. Учир нь загасанд агуулагддаг Омега-3 амин хүчил нь хүний биед шаардлагатай шимт бодисыг түргэн хугацаанд нөхөөд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж, эрүүл толигор, гэрэлтсэн тунгалаг царайтай болгох эх үндэс болдог байна. Омега-3 нь цэнгэг усны яргай, туна, макарел зэрэг загасанд хамгийн ихээр агуулагддаг бөгөөд долоо хоногт гурван удаа хүнсэндээ түлхүү хэрэглэхэд л хангалттай.

8. ТАХИАНЫ ШӨЛ
Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад ирэхийг нэгэн судалгаанд онцолжээ.

Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн тахианы махаа ястай нь чанавал шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг ажээ.

9. МӨӨГ
Байгалийн хосгүй бүтээл болох мөөгийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй. Мөөг нь маш тэжээллэг төдийгүй дархлаа сайжруулах шинж чанартай.

Мөөг нь судалгаагаар вирусийн эсрэг ба бактерийн эсрэг шинж чанартай хэмээн батлагдсан бөгөөд антиоксидант агуулдаг тул хүүхдийн өвчлөх эрсдэлийг бууруулахад тусалдаг байна. Мөн мөөг нь дархлааг хамгаалдаг цайр агуулсан байдаг.

10. АМТАТ ЧИНЖҮҮ
АНУ болон Мексикт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд C амин дэмээр нэн баялаг ажээ.

Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг С амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх С амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал