Дархлаа дэмжих шөл darhlaa demjih shul

Дархлаа дэмжих шөлнүүд
1. Ясны шөл
Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.
-Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг.
-Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг.
-Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг.
-Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.
-Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой.
2. Битүү шөл
Монголчууд битүү хоол нь ядаргаа тайлах, хий хөөх, биеийн эсэргүүцэл сайжрах зэрэг эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг.Битүү хоолны нэг онцлог нь орц найрлагын тэжээллэг чанарыг маш сайн хадгалдаг. Ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудын нэг нь битүү шөл уух юм.
Орц:
Үхрийн мах- 300 гр
Лууван- 1 ширхэг
Төмс- 1 ширхэг
Сонгино- 1 ширхэг
Өндөг- 3 ширхэг
Ногоон сонгино
Давс, хар перец-амталгаагаар
Ус- 150-200 гр
Гурил- 2 аяга
Хийх арга: Тус орц нь гурван хүнд зориулсан болно. Мах хэрчиж, гурван аягандаа тэнцүү хувааж хийнэ. Төмс, луувангаа үрж, сонгино, сармисаа хэрчиж, тус тус гурван аягандаа хийх аж. Үүндээ давс болон хар перецээ ч мөн тааруулж хийхээс гадна усаа нэмэх юм. Ингэхдээ усаа хэт дүүргэхгүй байхад анхаараарай. Гурилаа зуурч, зузаавтар элдэж, аягаа бүтээх бөгөөд үүнийгээ жигнүүр дээр тавин 20-30 минут буцалгахад хангалттай юм.
3. Ногоотой шөл
Орц: Үхрийн мах- 300 гр
Ургамлын тос- 3 халбага
Лууван- 1 ширхэг
Сонгино- тал
Сармис- 1 хумс
Үхрийн тунгалаг шөл- 3 аяга
Хэрчсэн байцаа- 2 аяга
Улаан лоолийн соус- 1 халбага
Хатаасан базилик- 1/2 халбага
Хатаасан орегано- 1/4 халбага
Давс- 1/4 халбага
Ногоон хулуу- 1 ширхэг
Хийх арга: Хэрчсэн үхрийн мах, лууван, сонгино, сармис зэргээ 5 минут орчим ургамлын тосонд хуурч бэлтгэнэ. Үүндээ үхрийн тунгалаг шөлөө хийж, байцаа, улаан лоолийн соус, базилик, орегано, давсаа нэмэн, хоолоо амталж буцалгаарай. Ойролцоогоор 15-20 минут болсны дараа хэрчсэн хулуугаа нэмэн, ахин 3-4 минут гал дээр байлгана.
4. Хярамцагтай шөл
Малын цус оролцуулан бэлтгэдэг хоол бол хярамцаг юм. Үүнд таван цул гэж нэрлэгдэх нарийн гэдэс, элэг, бөөр, зүрх, уушги зэргийг тэнцүүлэн хийж цустай нь холиод гүзээ болон ходоодонд хийн хөлдөөж бэлтгэдэг. Хярамцагтай хоол өег илчлэгтэй байдаг тул өвлийн дүн хүйтэнд оройн хоолонд өргөн хэрэглэдэг байжээ. Хярамцагаар бууз, хуушуур хийх ба гурил, будаатай шөлтэй хоол хийж болно.
5. Аарцтай адууны мах, саримстай шөл
Монголчууд идэр есийн хүйтэнд халуун чанартай адууны махыг сонгон хэрэглэхдээ халдварын эсрэг үйлдэлтэй саримс мөн уураг, витаминаар баялаг аарцтай хавсран хэрэглэдэг. Аарцтай адууны махтай шөл нь хийг дарж тамир тэтгэх амин шим агуулсан жор юм.
Хийх арга: Хүйтэн усанд адууны мах, саримсаа хийж шөлжүүлээд, буцалсан шөлөндөө аарцаа хийж хутгаад л амин шимт шөл бэлэн болно. Хийхэд хялбар мөртлөө биед тустай уламжлалт энэхүү шөлийг орой унтахдаа уугаад салхи авхуулалгүйгээр хөнжилдөө орж унтах хэрэгтэй.

 

 

 

 

Ангилал