Хуульч, өмгөөлөгч сонгохдоо юуг анхаарах вэ?

Нийгмийн харилцаа хаана оршин байна тэнд ч мөн эрх зүйн харилцаа оршин байна. Жишээ нь: Та өглөө ажил, сургуульдаа явахдаа автомашинаар зорчдог гэж бодъё. Энэ тохиолдолд та хүссэн газартаа хүрэх хүртлээ замын хөдөлгөөний дүрмийг мөрддөг буюу захиргааны эрх зүйн харилцаанд оролцож байна гэсэн үг юм. Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авч буй энэхүү харилцаа нь энгийн л нэгэн өдөр тутмын үйлдэл боловч энэ нь иргэний эрх зүйн харилцаа болдог гэх мэтээр алхам тутамдаа хүмүүс бид эрх зүйн харилцаанд оролцож байдаг. 

Тэгвэл танд өмнө нь эрх зүйн туслалцаа авах шаардлага гарч байсан уу?
Ирээдүйд танд асуудал тулгарсан үед та ямар өмгөөлөгчийг хөлсөлж авахаа мэдэх үү?

Хуульч нь “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх зэрэг олон үйл ажиллагаа эрхэлдэг. Харин шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлүүлэх, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлүүлэхээр бол танд хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан өмгөөлөгч хэрэгтэй. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд шүүхэд төлөөлөх эрхтэй 2997 өмгөөлөгч байна. Таны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хүссэн үр дүнг тань үзүүлж чадах өмгөөлөгчийг хэрхэн сонгох вэ?

1. Эрх зүйн салбаруудаар мэргэшсэн эсэх
Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй ба бусад гэсэн эрх зүйн салбарууд бий. Та ямар асуудлаар хууль зүйн туслалцаа авах гэж байна вэ гэдгээсээ шалтгаалаад тухайн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчийг сонгох хэрэгтэй.

Олон улсад хуульчид их сургуульд байхаасаа нэг чиглэлээрээ дагнан мэргэшдэг бол Монгол улсын хувьд универсал хуульчид байх нь элбэг. Захиргааны хэрэг, Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг гээд бүхий л талбарт хүч үздэг хуульчдаас илүүтэй нэг салбараар дагнан мэргэшсэн бол таны асуудлыг бүрэн шийдвэрлэх магадлал өндөр юм.

2. Харилцааны ур чадвар
Хуульч, өмгөөлөгч хүн бол бүхэлдээ хүнтэй харилцдаг мэргэжил юм. Үйлчлүүлэгчтэй харилцахаас гадна эсрэг талын үйлчлүүлэгч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, прокурор, гэрч гээд олон хүмүүстэй хэрэг шийдвэрлэх үйл явцын туршид уулзаж ярилцдаг ба хамгийн сүүлд шүүгчийн өмнө үйлчлүүлэгчээ хэрхэн өмгөөлсөнөөс шалтгаалан хэрэг эцэслэн шийдэгдэнэ. Тиймээс та өмгөөлөгчөө сонгохоосоо өмнө 3-4 өмгөөлөгчтэй уулзаад үзээрэй. Тантай хэрхэн харилцаж, хэрэгт хэрхэн хандаж буйг анхааралтай ажиглах хэрэгтэй шүү.

3. Мэдлэг болон чадвар
Та хуульч, өмгөөлөгчийнхөө мэдлэгийг шалгахын тулд заавал их сургуулийн дипломынх нь дүнг харах шаардлагагүй. Харин өмнө нь хариуцаж байсан хэргүүд нь хэрхэн шийдэгдсэн, ямар хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай вэ гэдгийг мэдсэнээр тухайн хуульч, өмгөөлөгчийн мэдлэг, чадвар болоод хандлагыг нь ч мэдэх боломжтой. Түүнчлэн дөнгөж төгссөн залуу хүн бол муу, удаан ажиллаж байгаа настай хүн бол мундаг гэсэн буруу ойлголтоос ангижрах хэрэгтэй. Орчин үед хуульчдад хуулийн мэдлэгээс гадна технологийн мэдлэг чадвартай байх, англи хэлнээс гадна өөр олны хэлтэй байх гэх мэт нэмэлт шаардлага тавигддаг болсон. 

4. Хандлага
Эмч хүн чагнуур, тариур барин хүний амийг авардаг бол өмгөөлөгч хүн үг, мэдлэг хоёроо зэвсэг болгоод үйлчлүүлэгчээ хамгаалдаг. Тиймээс таны амьдралыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй өмгөөлөгч хүн асар их хариуцлагатай байх ёстой. Товлосон цагаасаа хоцордог, шаардлагатай баримт мэдээллийг олоогүй байх зэрэг энгийн үйлдлүүдээс тухайн хүнийг ямар өмгөөлөгч болох тухай харж болно.

 

Ангилал