Шинэ жилийн хүүхдийн дуу

Шинэ жилийг шинэ жилийн дуугүйгээр төсөөллөгдөшгүй билээ.
Бидний бага байхад мөн одоог хүртэл бага балчир үрс минь дуулж байгаа дуулсаар ирсэн хүүхдийн шинэ жилийн дуунуудыг түүвэрлэн хүргэж байна.

Зулзаган ногоон гацуурхан

Зулзаган ногоон гацуурхан
Зундаа өвөлдөө ногоорно
Хөл ихтэй хотод минь
Хүчилтөрөгч бэлэглэнэ

Гацуурхан гацуурхан гацуурхан
Ганган ногоон гацуурхан
Гацуурхан гацуурхан гацуурхан
Ганган ногоон гацуурхан

Цэл ногоон гацуурхан
Зундаа өвөлдөө ногоорно
Цэнгэлтэй энэ хотод минь
Цэвэр агаар бэлэглэнэ

Гацуурхан гацуурхан гацуурхан
Ганган ногоон гацуурхан
Гацуурхан гацуурхан гацуурхан
Ганган ногоон гацуурхан

 

Цасхан

Хөвөн зөөлөн цасан ширхэг
Хөгжилтэй нь аргагүй бутран гялтганаад
Нүдээ анивчин мишээн зогсохдоо
Сайн байна уу? гэж цастай мэндэллээ

Цасхан минь сайн ч гэх шиг
Чамайг дагаад ирлээ ч гэх шиг
Цас бид хоёр баяссаар
Цасан охин болчихлоо би

Цацраг хэлбэртэй цасан ширхэг
Цацлан цацлан бутран гялтганаад
Нүдээ анивчин мишээн зогсохдоо
Сайн байна уу? гэж цастай мэндэллээ

Цасхан минь сайн ч гэх шиг
Чамайг дагаад ирлээ ч гэх шиг
Цас бид хоёр баяссаар
Цасан охин болчихлоо би

 

Сүлд мод

Өнгөт мөчрөө дэлгэсэн
Өндөр сайхан гацуурын
Мөчир салаа бүрд
Мөнгөн чимэг гялалзана
Хүйтний өвгөн ирж
Хүүхэд багачуудтай мэндлэн
Хуучин оноо үдэж
Шинэ жилийг авчирлаа
Онцгой гоёор чимсэн
Ойн ногоон гацуураа
Олон бүгд тойрч
Онц сайхнаар бүжиглэнэ

 

Сүлд модоо тойроод

Өндөр ногоон гацуур маань
Танхим дунд сүндэрлэж байна
Өнгөтэй сайхан чимэглэл
Тал бүрд нь гялалзаж байна

Сагсгар сүүлтэй хэрэм
Соотон чихтэй чоно
Ойн хүчит баавгай
Ов зальтай үнэг

Баг хувцасаа өмсөөд
Баясгалантай тоглож байна
Бавгар сахалтай өвлийн өвгөн
Багачуудыг хараад баясаж байна

Дэгдэн гүйдэг янзага
Дэлдэн чихтэй туулай
Үсэрч дүүлдэг муур
Үндэс хадардаг гахай

Сүлд модоо тойроод цөм
Сүртэй сайхан наадаж байна
Багш минь бүгдийг хараад
Баярлаж инээгээд зогсож байна

 

Ногоон мод

Ногоон мод минь сайхан даа
Сүлд мод минь сүртэй дээ
Хүүхдүүд цөмөөрөө баяртай даа
Шинэ жил минь гоёхон доо
Шилдэг баяр минь бахтай даа
Бүжин туулай минь хөөрхөн дөө
Борхон баавгай минь хүчирхэг дээ
Хөгжилтэй бүжгээ хийцгээе дээ
Хөөрхөн дуугаа дуулцгаая даа
Айлчин онтойгоо золгоцгооё доо
Амжилт бүтээлээ бэлгэлцгээе дээ

 

 

 

 

Ангилал