Хуримлах ёс заншил

Хуримлах ёс заншил

Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахууны нарийн дэг журамтай билээ.
Та бүхэндээ зориулж хурим хийхэд анхаарах хэрэгтэй зан заншлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Бэр гуйх ёслол
Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж.
Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.
Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг.
Хуримлах ёслол
Хуримлах ёслолын үед нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод өөрөө аягалж барина. Үүний дараа цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зүүж өгнө. Эхний галыг нөхөр нь асаадаг нь “эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна, бөгж солилцдог нь бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлж буй аж. Хуримын үед солилцох бөгж ихэвчлэн хаан бугуйвч, хатан сүйх хээтэй байдаг.
Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай. Айлын эзэгтэйн ааш араншинг нь цайтай нь зүйрлэн цийлгэнэсэн, улайсан цайтай гэх зэргээр шүүмжлэн хэлэлцдэг учраас сайхан цай чанаж сурах нь бэрийн эрдмийн анхны шалгуур болно.
Хуримласан өдрөөс эхлэн бэр нэг cap төрсөн эцгийн гэртээ очихгүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийдээ ирнэ. Харин сарын дараа охин аавын гэртээ очихдоо зочин байж, нөхрийн тал охины инжний хариуд бэлэг явуулдаг.
Найрын зочдын суудал
Найр хуримын ёсонд найрлагчид найрын даргын баруун, зүүн хэсэгт хуваагдан суух бөгөөд өндөр настангууд, дуучин хөгжимчид гэрийн зүүн хоймор, тэдний удаагаар авгайчууд бүсгүйчүүд насны дарааллаар сууцгаадаг. Баруун хэсгийн хойморт лам нар болон эрчүүд насны эрэмбээр суух дэг ёстой. Найрлагч олон тийнхүү таллан суухдаа монгол гэрт суух суудлын ёс горимын дагуу суугаа талын өвдгөө цомцойн суух бөгөөд хүн бүхэн дээлийнхээ товчийг бүрэн товчилж, хувцас хунараа зөв өмсөж, малгайгаа тэгш тавьж, найрын дэг ёсыг хатуу дагаж найрт идэвхтэй оролцох үүрэг бүхий байжээ. Хүү гэрлэх хурим найрт гэрийн баруун талаар хүү тал, зүүн талаар хүүхний тал, мөн л насны эрэмбээр сууж.найрлах найрыг хамгийн өндөр настай хүн эхлэх ёс горим байсан ажээ.
Найрын сөн
Найрын дарга томилон гаргасан  сөнчин, аягачин нарт найрын эхлэл гурван дугараа барихыг даалгахад хоёр аягачин гэрийн баруун, зүүн дээд талаас доошлон хоёр талын хүмүүст хултай айргаа барьж, найрлагчид цөм гурван удаа ууцгаасны дараа найрын дарга эхлээд ерөөл хэлээгүй бол ерөөгчөөс ерөөл хүсэж хадагтай айраг (хундагатай архи) барьдаг ажээ. Энэ үед хөгжимчид хуураа хөглөн “хөг нийлүүлж” ерөөл дуусахад найрын даргад хөгжмөө хөглөж бэлэн болсноо уламжилна.
Найрын эхлэл, ер нь найрт нэг дууг эхлэвэл заавал бүтэн дуулж төгсгөдөг ёстой. Эхлэл дуу гүйцсэний сүүлд найрын олонд дахин айраг барина. Үүний дараа 2-3 дуу дуулж, тэдгээр дуу бүрийн завсарт” бага дугараа” хэмээн айраг сөгнөнө. Бага дугараа ууж, дуулцгаасны дараа “дагнаа” гэж их хулаар (туушаан) айраг барьж, бүгд ууцгаасны эцэст найрын дарга нийтэд гадаалах зөвшөөрөл олгож буйг зарлана.
Найр өндөрлөх цаг дөхөхөд гэрийн эзэн найрын даргад: За манай сөн чилж байгаа бололтой. Найраа өндөрлөе! Хэмээн хэлэхэд найрын дарга найрын төгсгөлд дуулдаг (“Энх мэнд”, “Хантарган баахан хар”, “Хөхөө шувуу”) уламжлалт дуугаар ая барьж, гэрийн эзэн ерөөгчөөр сөнгөө ерөөлгөөд дараа нь тухайн найр хийх болсон шалтгаант зүйлийг ерөөлгөх, мялаалгах заншилтай байжээ.
Сүйн бэлэг
Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж, тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ.
Хуримд уригдан ирсэн зочид сайн дураараа дуу өдөөж болох бөгөөд дуулах дууныхаа ая дан, шүлэг найрагт анхаарах хэрэгтэй. Найран дээр дуулах дуунууд гүн утга учиртай, аз жаргал хүссэн дуу байна. Хагацаж салсан хайрын тухай дуу, насан өөд болсон ижий, аавын тухай дуу найранд ирсэн зочдод таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна хүйтэн уур амьсгалыг бий болгодог. Тиймээс хуримын найранд уригдсан бол хэлэх ярихаас гадна дуулах дуугаа зөв сонгох нь чухал юм.
Танд аз жаргал хүсье

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал