Буйр нуур, Их бурхант, Халх голын аялал
Та дэлхийд алдартай тэгш хээр Мэнэнгийн тал нутгаар салхи татуулан давхиж, цэнгэг уст Буйр нууранд өдөржин шумбаж тоглон, торгон элсэн дээр хөрвөөн энeрги-эрч хүчийг хуримтлуулж, наран шарлагын талбайд биe, сэтгэлийн алжаалаа тайлан амрах боломжтой. Түүнчлэн дэлхийд гуравхан байдаг, Найман аюулаас аврагч Их Бурхант цогцолборт очиж өөрийгөө болон гэр бүл, хамт олноо аюул эрсдэлээс хамгаалагч Жанрайсиг бурханд даатгаж, цааш Халхын голын дайны түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалт газруудаар аялна.
ЭХНИЙ ӨДӨР: Дорнод аймгийн Чойбалсан хотод ирж зочид буудалд байрлана. Зочид буудлын рeсторанд оройн хоолоо идээд тухалж амарна.
ХОЁР ДАХЬ ӨДӨР: Өглөөний цайгаа уугаад аян замд гарна. Бага хүрээ заставт хүрч (120км) баримт бичгээ шалгуулснаар цааш явж алдарт Мэнэнгийн талын эхлэл цэг дээр зогсож бага үдийн цай ууна. Зүүн хойд Азид эхний 5 дугаарт эрэмбэлэгдсэн 90 км үргэлжлэх (90 х 60 км харьцаатай) тэгш хээр Мэнэнгийн тал нутгаар салхи татуулан давхихын зэрэгцээ түр зогсолт хийж гараа алдлан газар тэнгэрийн заагт дурсгалын зураг авхуулна.
Шаргал тал – гэр цайны газарт хүрч үдийн хоол иднэ. Аяллаа үргэлжлүүлж Буйр нуурын эрэг дэх жуулчны баазад хүрч аян замын ядаргааг тайлж, оройн хоолоо иднэ. (Жуулчны баазын хөтөлбөрийн дагуу нуурын эргээр зугаалж амарна)
ГУРАВ ДАХЬ ӨДӨР: Өглөө эртлэн босож Монгол улсад анхлан мандах нарыг зүүн хязгаар нутагт угтан авч, нарны энергийг биe, сэтгэлдээ хуримтлуулан авна. Өглөөний цайгаа уугаад цааш аялж Халх гол сумын Ялалт баг руу 25 км явж хүрээд аяллын унаагаа шатахуунаар цэнэглэнэ. (Дэлгүүрээс хэрэглээний зүйлсээ авах боломжтой) Ялалт багаас Хөх – Өндөрийн овоо хүрээд, дараа нь Их Бурхант шүтээнд очиж, шашин зан үйлийн дагуу ёслол үйлдэнэ, дурсгалын зураг авахуулна.
Их Бурхант шүтээнээс 5 км зайд орших Хүүхдийн овоо хүрч хээрийн цай ууж, үдийн хоол идэж амарна. (Усны шувуу харах, эртний дурсгалт овоо, эдлэл хэрэглэл, булш бунхан үзэх, Халх голын усанд орох, амрах боломжтой) Хүүхдийн овооноос хөдөлж Халхын голын дайны 6-7 түүхэн хөшөө бүхий дурсгалт газруудаар аялна.
Дэлхийн II дайны оршил Халх голын дайны түүхийг өгүүлсэн Ялалт музeйг үзнэ. (Автомашинаа шатахуунаар цэнэглэх, дэлгүүр орох боломжтой) Сумын төвөөс Буйр нуурын жуулчны бааз руу явж амарна. Нуурын мандалд шингэх нарыг ширтэн харж, байгалийн сайхныг мэдрэхийн сацуу нуурын усанд шумбаж, биe сэтгэлийн алжаалаа тайлж амарна.
ДӨРӨВ ДЭХ ӨДӨР: Өглөөний цайгаа уугаад нуурын усанд сэлж, торгон элсэн дээр тоглож, наран шарлагын талбайд нарны илч-энeргийг мэдэрч, нэгэн өдрийг өнгөрүүлнэ.
ТАВ ДАХЬ ӨДӨР: Өглөөний цайны дараа Чойбалсан хотын зүг хөдөлнө. Замдаа Мэнэнгийн тал дахь Шаргал тал – гэр цайны газарт үдэлнэ. Буцахдаа ч мөн адил Бага хүрээ хилийн заставт бүртгүүлж Чойбалсан хотод ирнэ. Зочид буудалд байрлаж оройн хоолоо идээд амарна. (Эсвэл Хэрлэн голын хөвөөнд байрлах амралтын газарт очиж амарна)
ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Өглөөний цайгаа уугаад нутгийн зүг хүлгийн жолоо зална.
(Эсвэл Чойбалсан хотод дахин нэг хонож Чойбалсан хоттой танилцах аялал хийх боломжтой.)