Мишээл: Гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс өөртөө илүү итгэлтэй болдог

M.Мишээл: Гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс өөртөө илүү итгэлтэй болдог
Цэцэгс дэлгэрч шувууд жиргэсэн зуны өдрүүд үргэлжилсээр. Юмс бүхэн өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Төрөлх гоо үзэсгэлэнгээ урт удаан хугацаанд хадгалан, тордохыг хүссэн уншигч танд зориулан “Гоёл медикал” Нүүр амны гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмч M.Мишээлтэй ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та болон танай эмнэлгийн хамт олон үйлчлүүлэгч ихтэй их шахуу хуваарийн дагуу ажилладаг бололтой энэ их ажлынхаа хажуугаар цаг гарган бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа.

Манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэнд баярлалаа, сая үйлчлүүлэгчтэй байгаад та бүхнийг бага зэрэг хүлээлгэсэнд уучлаарай.

Зүгээрээ, ярилцлагын эхэнд та манай уншигчдад эмнэлгийн үйл ажиллагаа болон эмчилгээ үйлчилгээнийхээ тухай танилцуулахгүй юу?

“Гоёл медикал” эмнэлэг маань 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Эрүү нүүрний гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай эмнэлэгт үзүүлж буй үйлчилгээнүүдийг мэс заслын болон мэсийн бус гоо заслын гэсэн үндсэн 2 чиглэлд хуваан авч үзэж болно.

Мэс ажилбаруудад юу ордог вэ гэхээр, юуны түрүүнд давхраа хийлгэх мэс ажилбар ордог. Нүдний давхраа үүсгэх ажилбарыг 14-21 насныхан ихэвчлэн хийлгэж байна. Давхраа хийлгэх мэс ажилбар нь Монгол хүмүүст төдийгүй, Ази гаралтай хүмүүсийн дунд түгээмэл хийгддэг мэс ажилбаруудын нэг. Тухайн хүний нүдний онцлогоос хамаараад нүдний дотор буланг сэтлэх, устгах буюу эпикантопластийг нэмэлтээр их хийлгэх болсон. Түүний дараагаар ихэвчлэн 26-аас дээш насныхан дээд зовхины арьсны унжилт арилгуулах, 35-аас дээш насныхан доод зовхи татуулах зэрэг мэс ажилбаруудыг их хийлгэдэг юм. Учир нь хүний нас ахихын хэрээр бидний мэддэгчлэн давхраатай болон давхраагүйгээс үл хамааран арьс унжих, ухархай орчмын өөхлөлт үүссэнээс үүдэн харах талбай хязгаарлагдаж, тухайн хүн ядарсан, царай алдсан төрхтэй болох зэрэг өөрчлөлтүүд гардаг. Доод зовхи татах мэс ажилбар нь ихэвчлэн нүдний доор өөхөн эд ургаж уутанцар үүсэн нааш цүлхийж ирдэг учир хийгддэг. Түүнээс гадна хацрын хонхорхой үүсгэх, дээд уруул өргөх, томруулах, амны хөндийн гоо сайхны мэс ажилбаруудыг бүрэн хийх боломжтой байдаг.

Та сая танай эмнэлэг дээр уруул өргөх хагалгаа хийгддэг тухай ярилаа. Энэ нь ямар онцлогтой ажилбар байдаг вэ?

Уруул өргөх хагалгаа гэхээр зарим хүмүүст шинэлэг сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ нь удаан хугацаанд хийгдэж байгаа хагалгаануудын нэг. Хүн нас ахихын хэрээр нүүрний зөөлөн эд ясны хальснаасаа суларч унжиж эхэлдэг. Тэрхүү өөрчлөлт хамгийн түрүүнд хамар уруулын гурвалжин тодрох байдлаар илэрч эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд дээд уруул унжин уртсаж инээмсэглэхэд дээд үүдэн шүднүүд ил харагдахаа больж эхэлдэг. Энэ үед хамрын суурийн доогуур зүсэлт хийж дээд уруулын хүрээг тодруулан, шаардлагатай бол томруулан өргөдөг мэс ажилбар юм.

“ Гоёл медикал” эмнэлгийг хамрын мэс ажилбартаа олон жилийн дадлага туршлагатайг хүмүүс ярьдаг. Танай эмнэлэг дээр ямар төрлийн хамрын мэс заслууд хийгдэж байна вэ?

Хамрын мэс засал нь маш олон арга техник, ур чадвар шаардсан ажилбар. Гоо сайхны талаас хамрын хэсэгт хийгддэг мэс ажилбаруудын нэг бол хамрын үзүүр шонтойлгох буюу хамрын үзүүр хэсэг өндөрлөх юм. Үүний тулд чихний мөгөөрс, хавирганы мөгөөрснөөс эдийг авч хамрын хэлбэр, хэмжээг өөрчилдөг юм. Түүний дараагаар хамрын нуруу хэсэгт тохирсон имплант суулган өндөрлөх мэс засал манай эмнэлэг дээр хийгддэг. Мөн хамрын хагалгаанаас гадна хүмүүсийн хэлж заншсанаар чих дэлдийлгэх мөн эсрэгээрээ дэлдэн чих засах хагалгаанууд хийгддэг.

Ярилцлагын эхэнд та мэсийн бус ажилбарууд хийгддэг тухай дурдсан. Энд ямар төрлийн эмчилгээ хамаардаг болоод танай эмнэлэг дээр хийгдэж буй мэсийн бус эмчилгээнүүдийнхээ талаар та дэлгэрүүлж мэдээлэл өгөөч?

За, үүнд ботокс, филлер, коллагентай утас татах ажилбарууд ордог. Ботоксийг ихэвчлэн хүний нүүрний дээд 1/3 хэсгийн үрчлээг арилгах зорилгоор хийдэг. Ботокс нь нүүрний мимик булчингуудыг түр хугацаанд саармагжуулах аргаар өнгөц, дунд үрчлээг арилгадаг тарилга юм. Тус тариаг хүмүүс арьсны онцлогоосоо хамааран 30-аас дээш наснаасаа эхлэн урьдчилан сэргийлэх, үрчлээгээ арилгах зорилгоор хийлгэдэг. Хөмсөг хооронд, духны хөндлөн үрчлээ, нүдний гадна цацраг үрчлээ зэрэгт хамгийн түгээмэл хийгддэг.

Филлер тарилга маань дотроо гиалуроны хүчлийг агуулсан гель байдаг. Филлер тарилга нь өөрөө дүүргэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Гүнзгий үрчлээсийг дүүргэх, уруулын эзлэхүүнийг нэмэгдүүлж хэмжээгээр нь томруулах, уруулын хүрээг тодруулах хүсэлтэй байгаа хүмүүст хийгддэг. Мөн хамрын нуруу өндөрлөх, хамрын хэлбэрийг засах, хамрын муруйг тэгш хэмтэй харагдуулах зэрэг зорилгуудаар хийдэг. Харин шингэн төлөв нь давамгайлсан филлерийг хацар шанааны хонхор, дух-чамархайн хонхрыг дүүргэх, зөөлөн эдийн хэмжээг нэмэгдүүлэн илүү зөөлөн төрхтэй харагдуулах зорилгоор хийгддэг.

Коллагентэй утас гэдэг нь янз бүрийн өргөстэй утас байдаг. Энэхүү өргөстэй утсыг ихэвчлэн нүүрний дунд 2/3 хэсгийн эдийн унжилтыг өргөх зорилгоор хийдэг. Амны булан, хамар уруулын нугалаасыг гадагш дээш чиглэлд тэнийлгэн татан өргөж сойн бэхэлснээр үрчлээсийг түр хугацаанд арилгадаг. Сүүлийн үед бас утсаар хамар өндөрлөх, хөмсөгний булангийн унжилтыг утсаар өргөдөг шинэ аргууд гарч ирсэн байгаа.

Нүдний зовхи унжих, уутанцар үүссэнээс хүний харах талбай хязгаарлагдах сөрөг нөлөөтэй байдаг талаар та дурдсан. Гоо заслын ажилбарууд нь зөвхөн гоо заслын бус эрүүл мэнд талаасаа ч чухал ач холбогдолтой байх нь ээ?

Хүмүүс гоо сайхан гэхээр дан ганц гаднаасаа харагдах байдал нь өөрчлөгдөнө гэж ойлгодог. Гоо сайхны мэс заслын хагалгаанд орсон, гоо сайхны ямарваа нэгэн үйлчилгээ авсан хүмүүс сэтгэл санааны хувьд ч илүү өөдрөг, өөртөө итгэлтэй болж буй нь ажиглагддаг. Ингэснээр тухайн хүний амьдралын чанар ч дагаад нэмэгддэг. Нээрээ тийм манай эмнэлэгт мөн жижиг хэмжээний нөхөн сэргээх мэс ажилбарууд хийгддэг мэнгэ ургацаг түүх, авах, сорвины цэгцлэлт хийх гэх зэрэг ажилбарууд бас хийгдэж байна.

Гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүст хандан та мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөөч?

Гоо сайхны мэс заслын үр дүн цор ганц мэс заслаас бол шалтгаалахгүй таны өөрийн ерөнхий биеийн байдлаас эхлүүлээд, өдөр тутмын арьс үсний арчилгаа хоол хүнсний хэрэглээ, стресс зэргээс шалтгаалж үр дүн гарна. Гоо сайхны мэс засалд орохоор төлөвлөж байгаа бол мэргэжлийн бус хүнээс ондоо ташуу зөвлөгөө мэдээлэл авалгүй, сонирхож буй эмнэлгийнхээ мэргэжлийн эмчээс очиж зөвлөгөө авах нь зүйтэй.

Таны дараагийн үйлчлүүлэгч таныг хүлээж байх шиг байна. “Гоёл медикал” эмнэлгийн цаашдын зорилгын тухай товчхон ярилцаад хоёулаа энэ удаагийн ярилцлагаа дуусгая гэж би бодож байна.

Манай эмнэлгийн эрхэм зорилго бол үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжид хүрэхүйц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. Үүний тулд эмч үйлчлүүлэгч хоёр маань нэгэн зорилгын төлөө явдаг байх хэрэгтэй. Үйлчлүүлэгч болон үйлчилгээ болгондоо сэтгэлээсээ хандаж ажиллах нь чухал юм. Цаашид манай эмнэлэг дэлхийн хэмжээний гоо сайхны мэс заслын чанартай үйлчилгээг улам илүү нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд болон танай эмнэлгийн цаашдын ажилд амжилт хүсэе.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал