Их хотын ундаа КОФЕ

Кофены тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна

Анх IX-р зууны үед Этиопийн нэгэн ямаачин залуу нэгэн зүйл бутлаг ургамлын жимс идсэн ямаанууд нь сэргэг, сэргэлэн болж байхыг анзаарснаар анх кофе хэмээх ургамалтай хүн төрөлхтөн танилцах боломж нээгдсэн гэдэг. Ямаачин залуу өөрөө тус ургамлын жимсийг идэж үзэхэд мөн хамаг биеийг нь сэргээж байсан учир нутгийнхаа сүмийн ламд жимснээс өгчээ. Лам жимсийг тоолгүй шатаахаар гал руу хийж орхитол бусад лам нарын анхаарлыг татахуйц сайхан үнэр сэнгэнэсэн байна. Тиймээс хуурсан шош шиг болсон уг жимсийг үнснээс нь гаргаад аягатай халуун усанд хийснээр кофе хэмээх ундаа үүсжээ. Мэдээж түүхчид уг түүхийг яг таг үнэн гэдэгт эргэлздэг байна.

 

 

Кофег монголоор “боргол” гэж нэрлэдэг бөгөөд “Халуун оронд ургах Coffea arabica зүйл ургамлын хуурч боловсруулсан үрийг хандалж бэлдсэн бор хүрэн өнгийн сэргээх үйлчилгээтэй ундаа” хэмээн тайлбар толинд бичжээ. Харин кофе гэдэг үгийн гарал нь Араб хэлний qahwah буюу дарс гэсэн үгнээс үүсэлтэй. Энэ үг нь Османы эзэнт гүрний үед турк хэлэнд kahve болон нэвтэрч герман хэлэнд koffie болж, 1582 онд англи хэлэнд coffee буюу кофе хэмээх дуудлагатай болж дэлхий нийтээр тархжээ.

Латте, эспрессо, капуччино гээд олон төрлийн нэртэй кофенууд бий. Эспрессо гэдэг нь нэг төрлийн хар кофе юм. Эспрессо суурьтай үндсэн 12 төрлийн кофе байдаг бөгөөд орц, найрлага зарим нь хэмжээгээрээ л ялгаатай байдаг байна. Эспрессо суурьтай кофе нь эспрессо, сүү, хөөс гэсэн үндсэн гурван орцоос бүрддэг.

Хэрэв та кофе шопд ороод эспрессо захиалбал танд жижиг аягатай хар кофе авчирч өгнө. Харин Double espresso гэвэл том аягатай хар кофе болох юм. Ер нь long, double зэрэг үг орсон байвал кофены хэмжээ нь томрохыг зааж байгаа хэрэг аж.

Их хотын эртэч шувуухайнууддаа зориулан хамгийн эрт онгойдог Coffee Shop -уудын мэдээллийг хүргэж байна. ЭНД ДАРНА УУ

Латтены гол найрлага нь эспрессо, сүү, жижиг хөөс, чихэр. Харин каппучино латтетэй төстэй боловч дээрээ илүү хөөстэй, мөн шоколадны үйрмэг нэмсэн байдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй кофены түүхий эдийг Kopi Luwak гэж нэрлэдэг байна. Kopi гэдэг нь индонез хэлээр кофе гэсэн үг бөгөөд Luwak гэдэг нь Азийн хачин сүүлт суусар хэмээх амьтныг нэрлэдэг нутгийн нэршил аж. Модон дээр амьдардаг уг бяцхан амьтан кофены жимсээр хооллодог ч сайн шингээж чаддаггүй учир ялгадас нь жимс хэвээрээ гардаг байна. Амьтны гэдсээр дамжин гарсан кофены жимс өвөрмөц амт үнэртэй болдог бөгөөд үүнийг түүж, цэвэрлээд 450 граммыг 600 ам.доллараар худалддаг байна. Ийм үнэтэй түүхий эдээр бэлтгэсэн кофе нэг аяга нь $70-$100 байдаг гэнэ.

Кофены үйлдвэрлэлтээрээ 18-р зууны үеэс кофе тариалж эхэлсэн Бразил улс нь кофе дэлхийд тэргүүлдэг. Кофе Бразил улсын эдийн засагт ч чухал нөлөө үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 2,7 сая тонн кофе үйлдвэрлэдэг байна. Энэ нь дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа нийт кофены 30% аж.

Вьетнам улс маш богино хугацаанд кофе үйлдвэрлэлтээрээ хоёр дугаар байранд орж чаджээ. 1990 оноос хойш Вьетнам улсын кофе үйлдвэрлэлт жилд 20-30 хувиар өссөөр өнөөгийн төвшинд хүрсэн байна. Кофе нь арабика болон робуста гэсэн хоёр гол төрөлтэй. Вьетнамчууд робуста кофе тариалдаг  кафейны агууламж өндөртэй, илүү гашуун амттай байдаг байна. Вьетнам улсын араас Колумб, Индонез, Этиоп зэрэг улсууд кофе үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг аж.

Сүүлийн үеийн судалгаагаар кофег тааруулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж үзэж байгаа аж. Урьд нь кофег эрүүл мэндэд муу гэж үздэг байсны учир нь кофенд донтогчид архаг тамхичид, амьдралын буруу хэвшилтэй байх нь элбэг байдаг ч зөвхөн кофе их хэрэглэдэг дээр нь төвлөрч бусад муу зуршлын судалгааг орхигдуулдаг байсантай холбоотой гэнэ.

Өдөрт нэгээс хоёр аяга кофе уух нь чихрийн шижин, паркинсоны өвчин, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн нөлөөтэй гэж судлаачид үзжээ. Гэвч энэ зөвхөн ямар нэг суурь өвчингүй хүмүүст л хамаатай бөгөөд сүү, чихэртэй кофе нь маш их холестрин агуулдаг гэнэ. Түүнчлэн хэрэглэж буй кофены чанар маш чухал юм.

Гэвч кофе уумагц гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж хэрэг ийм шинж тэмдэг илэрдэг хүмүүс кофе уухгүй байх нь дээр юм. Мөн бамбай булчирхайн өөрчлөлттэй, хэт их ядаргаанд орсон, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөөтэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал