Бэр гуйх

Монгол орон өргөн уудам. Олон ястнууд амьдардаг тул тэр хэрээр ёс заншлын, амьдралын хэв маяг бага зэрэг өөр болдог.

Зүүн аймгууд, баруун аймгууд, төвийнхөн гэх зэргээр энэ ёс заншлын ялгаа харагддаг.

Бэр гуйх ёс ч тэр хэрээр өөр. Гэхдээ ерөнхий нэгэн дүр төрх харагддаг бөгөөд түүний талаар тайлбарлая.

Бэр болгох хүнээ сонгоно. Мэдээж үр хүүхдүүдийн хайр сэтгэлийг үндэслэн бэр сонгох нь элбэг. Бэрийг олон талаас нь шинжинэ. Намба төрх, үг хэллэг, суурь хүмүүжил зэргийг харна. За тэгээд бэрээ сонгосны дараа нь өдрийн сайныг товлож, худ бололцох айлдаа ам сонсгох, тамхи нэрэх ёс гүйцэтгүүлэхээр тухайн өрх гэрийн зууч болох, нас тогтсон, үр хүүхэдтэй 2-3 хүнийг хадаг, бэлэг сэлттэй илгээн санал хүргүүлнэ. Тухайн зууч худ ураг бололцох тухай яриа өрнүүлж, уран цэцэн үгээр санал хэлж бурханд нь хадаг тавьж, бэлэг сэлтээ аав ээжид нь барьдаг.

Бэр болох бүсгүйн тал зөвшөөрсөн бол бэлгийг авч, эс зөвшөөрвөл бэлгийг буцаана. Ийнхүү хадаг тавьснаас хойш хагас жил өнгөрөөж хүүгийн гэрийг бэлдээд хүүгийн талын өндөр настай, нэр хүнд сайтай ивээл жилтэй садангийн хүнийг явуулан хоёр хадаг идээ будаатай очиж бэрээ албан ёсоор гуйж, хоёр хадагны нэгийг бурханд нь, нэгийг охины аавд нь барина.

Ингэснээр хоёр тал бэсрэг найр хөгжөөж сайн өдрийг сонгож хуримын өдрийг товлоно. Товын хугацаа ихэвчлэн 3-6 сар байх агаад ийнхүү сар хугацааг уртаар сонгох нь залуу хосыг шалгаж буй ёсон ажээ. Гэрлүүлэх гэж байгаа хүү, хүүхнийхээ жил мэнгийг тааруулж хүүхнийг тэгш 16,18 насанд нь гуйж, сондгой 17, 19 насанд нь гэрлүүлэх заншил зонхилж байв.

Монголчууд бид билгийн тооллын 12 жилийг нэг үе гэж үздэг. Гэрлэх хосуудын насны зөрүүг ч гэсэн нэг үеэр тооцдог. Тиймдээ үе дотор нь гэрлүүлэхийг эрхэмлэдэг ба арван гурваас хэтэрвэл үе мултарлаа хэмээн үзнэ.

Бэр гуйхад хэлэх үгс
Буга намнаач нь манайд
Булга зүйгч нь танайд
Эрээд олддоггүй эрдэнэ
Сураад олддоггүй сувд танайд бгаа юм бна…

Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Өнөөдрийн өдрийг үүрдийн дээд
Өдөр гэж үзэж айл гэрийн гал голомтыг бадрааж явах өрхийн тэргүүн хүү: ……… – дээ охин: …….. -г тань хүний хань үрийн эх, айл гэрийн эзэгтэй болгохоор хүрэлцэн ирж гуйж бгааг минь хүлээн авч болгооно уу?

Бэр гуйхад хэлэх хариу үг:
Түмэн өлзий бүрдсэн төр улсыг бататгасан төгс их жаргалын эн сайн сайхан өдөр айл гэрийн гал голомтыг бадрааж явах өрхийн тэргүүн хүү: ……… – дээ, охин: ………. -г маань хань ижил болгохоор бэр хүсэн гуйж бгаа Та бүхнийг хүндэтгэлтэйгээр баярлан хүлээн авч бна…
Та бүхний хүсэлт гуйлтын тааллын ёсоор болгож, санасан хэргийг тань сэтгэлчлэн бүтээж бгаадаа бид бүхэн баяртай бна…
Хурмаст тэнгэрийн жигүүртэн өд сөдөө ургахаар жигүүрээ дэлгэн оддогийн адилаар охин маань ертөнцийн жам хувь тавилангаа дагаж, өөрийн төрж өссөн гэрээ орхиж, айл гэрийн гал голомтыг бадрааж явах хос 2 баганын 1 болж бна… Төрдөө өрх гэрээ, түмэн олонд үр хүүхдээ нэмэрлэх, айл гэрийн хос багана болсон 2 хүүхэддээ эх орондоо үнэнчээр зүтгэн үнэлэгдэж, түмэн олондоо хайрлагдаж, идэж уух, өмсөж зүүхээр элбэг дэлбэг хангалуун, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж явахыг хүсч бна….

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал