Компанийг өөрчлөн байгуулах

Компанийг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно. Мөн хуульд заасан тохиолдолд шүүх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.

  • Компанийг нэгтгэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцно.
  • Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.

Компанийг өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчид өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

  • өөрчлөн байгуулсан арга, хэлбэр;
  • өөрчлөн байгуулагдсан болон түүний үр дүнд шинээр үүссэн компани тус бүрийн оноосон нэр болон байршил;
  • өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарсан он, сар, өдөр;
  • хуваах болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс

Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ.

Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Компанийг нийлүүлэх

Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ.

Нийлж байгаа компани тус бүрийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ, шинээр бий болсон компанийн дүрэм, компани тус бүрийн үнэт цаасыг шинээр бий болсон компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

Компаниудыг нийлүүлэх тухай шийдвэр, гэрээг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.

Гэрээнд шинээр үүссэн компанийн хувьцаа, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах хугацаа, товыг заана. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний 

Компанийг нэгтгэх

Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.

Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ. Компанийг нэгтгэх  гэрээнд компанийг нэгтгэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаасыг нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөд хөрвүүлэх журмыг тусгасан байна.

Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа бөгөөд компанийг нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аар компанийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, нэгтгэх журмыг баталж болно.

Компанийг хуваах

Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ.

Компанийг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно.

Компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинээр компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.

Компанийг хуваах тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шинээр үүссэн компани бүр бусад компанийнхаа өмнөөс давхар хариуцлага хүлээнэ.

Компанийг тусгаарлах

Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.

Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.

Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ гаргана.

Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дүрмээ батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна.

Компанийг өөрчлөх

Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно. Компанийг өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

Төсөлд компанийг өөрчлөх зорилго, нөхцөл, журам, хугацаа, хувьцааг харилцан хөрвүүлэх арга, тооцоо, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хугацаа зэргийг тусгасан байна. Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ. Компанийг өөрчлөх тохиолдолд холбогдох өөрчлөлтийг компанийн оноосон нэр болон дүрэмд тусгана.

/Компанийг өөрчлөн байгуулах/

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал